Ерөнхий сайд иргэдтэй уулзаж байна
2013-03-13

Дорноговь аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сайншанд сумын иргэд, олон нийттэй уулзалт хийлээ.

 Шинэчлэлийн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн зорилтод тусгагдсан аймгийн төвийг хот болгох төлөвлөгөө болон ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс Ерөнхий сайд аймгийн иргэдэд танилцуулсан юм. Тухайлбал, энэ ондоо багтаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Нэгдсэн эмнэлгийг орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангах, бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зэргийг онцлон дурьдлаа.

 Төр засгаас авч хэрэгжүүлэх эдгээр бодлогын хажуугаар орон нутгийн иргэд шинэчлэлд санаачилгатай хандаж, идэвхтэй оролцоотой байх ёстойг сануулж, “Шинэчлэл гэдэг сэтгэл гарган хийх ажил. Ноён хутагтын төрсөн газар, энергийн өлгий нутгийн зон олон та бүхнээс Дорноговийн шинэчлэл эхэлнэ шүү” хэмээлээ. Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд, албан хаагчид “өөрчлөлтийг өөрөөсөө” гэдэг зарчмыг урьтал болгож, ажил албандаа өндөр хариуцлага үүрч байгааг Ерөнхий сайд дурьдаад төр, иргэний аль аль нь дор бүрнээ ялзарсан ужиг хуучнаа халж, шинэ арга зарчмаар ажиллаж чадвал улсын хөгжил хурдацтай урагшлах учиртайг захисан.

 Ирэх жилүүдэд авлига хээл хахуулийг аль ч шатанд таслан зогсооход иргэдийн оролцоо, ил тод мэдээлэл нэн чухал учир шударга шүүмжээ байнга ирүүлж, Засгийн газар тунгалаг ажиллахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд Сайншандчуудаас хүсээд иргэдийн санаа бодлыг сонсч, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

 Иргэдээ сонсдог Засгийн газрын үйл ажиллагаанд талархалтай байгаагаа Сайншандчууд илэрхийлж, аймаг орон нутгийн хөгжил, нийгмийн амьдрал, ард түмний  амьжиргаа, хүний эрх, байгаль орчинтой холбоотой олон асуудлаар саналаа хэллээ.

 Сайншанд Аж үйлдвэрийн парк хэзээ ажиллаж эхлэх, кино театр хэзээ барих, хямд орон сууцны хөтөлбөр хэзээ хэрэгжих, автозамын ажил хэзээ дуусах зэрэг олон жил ярьсан ажлуудын эхлэх, дуусах цаг хугацааг иргэд асууж, үр дүнг нь хүлээж байгаагаа Ерөнхий сайдад дуулгалаа. Иргэн бүрт хамааралтай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хийж буй шинэчлэлийн үр дүн хэзээнээс орон нутгийнханд мэдрэгдэхийг ч лавлаж, хариуцлагатай Засгийн газар эдгээр ажлын ард гарч чадна гэж итгэж байгаагаа илэрхийлж байв.

 Түүнчлэн, ураны хайгуул, олборлолттой холбоотойгоор байгаль орчин, мал амьтан, хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн талаар бодитой судалгаа мэдээлэл гарган орон нутгийнханд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг иргэд олонтаа дурьдсан юм. Улсын хэмжээнд хайгуулын 80 лиценз олгосны 30 нь Дорноговь аймагт байдаг тул орон нутгийн иргэд энэ асуудалд нэлээд эмзэг хандаж байгаагаа илэрхийлж байв. Атомын цахилгаан станц барих талаар Засгийн газрын бодлогод тусгагдаагүй, зөвхөн газрын гүнээс ураныг түүхий эд хэлбэрээр нь олборлоод гадагш гаргах заалт байгааг Ерөнхий сайд орон нутгийн иргэдэд тайлбарлаад, гэхдээ энэ ажил иргэдийн эрүүл мэнд, эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж орон нутгийнхан үзэж байвал нэгдсэн ойлголцолд хүрсэн үед л хийнэ гэлээ.

Мөн нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах нь олон асуудлын шийдэл болж чадна гэж Сайншандчууд үзэж байгаа бөгөөд тухайлбал Зүүнбаяны нефтийн нөөцийг гадагшаа гаргах биш дотооддоо ашиглах, үйлдвэр барих ажлаа түргэвчлэхийг санууллаа. Бие биедээ дамжуулж хоног хугацаа алддаг, харилцан уялдаагүй ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдын хариуцлагагүй байдлыг орон нутгийн иргэд шүүмжлээд, үүнээс улбаатай замбараагүй газар олголт, завхруулсан лиценз зөвшөөрөл, бизнесийн орчинд нөлөөлдөг элдэв тээг, шат дамжлагыг Сайншандчууд жишээ татан хэлж байлаа. Амьдрах орчинтой холбоотой агаар, ус, хог, барилгын чанар, дулаан цахилгааны хомсдол гэх мэт байнга хөндөгддөг асуудлууд ч энэ удаад орхигдсонгүй. Саяхан ашиглалтад орсон Данзанравжаагийн музейн барилга булан өнцгөөсөө нурж эхэлсэн нь сүүлийн үед хийж буй ажлын чанарыг илтгэх том жишээ гэж нэгэн иргэн онцолсон юм.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэдийн асуулт бүрт тодорхой хариулт өгч, зарим асуудлаар ойрын хугацаанд үр дүн гарган ажиллах талаар аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Уулзалтын төгсгөлд Засгийн газрын тэргүүн “Бид хийх ажилдаа цаг зарцуулж, ярьсан бүхнээ биелүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллаж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын нэрээр үлдэх ажлуудыг “чанарын тэмдэгтэй” хүлээлгэн өгөхийг хүсч, сэтгэл гарган ажиллаж байгаа” гэдгээ хэллээ. Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Сайншандын иргэд Саранхөхөө теартаа дүүргээд гаднаа дугаарлаж байсан тохиолдол цөөхөн. Улс орныхоо хөгжлийн төлөө орон нутгийн иргэд саналаа хэлж, үгээ дуулгах гэж ингэж цугласан нь оролцоог дэмждэг нээлттэй Засгийн газрын бодлогын үр дүн гэж харж байна” хэмээснээр уулзалт өндөрлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 
Shuud.mn
Сонин хачин