Европын холбооны худалдааны өдрүүд болно
2013-03-20

"Европын Холбооны худалдааны өдрүүд" Улаанбаатар хотноо маргааш нээлтээ хийнэ. МҮХАҮТ-д хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд оролцогч талууд Монголын компаниуд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавигддаг шаардлагуудын талаар танилцуулга, тайлбар хийх, тэдгээр шаардлагыг хангахад  ЕХ-ны зүгээс хэрхэн яаж дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн Монголын төр болон хувийн хэвшлийнхэнтэй харилцан үр өгөөжтэй түншлэлийг бий болгох чиглэлээр харилцан ярилцана. Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний гишүүн компани, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцож холбогдох мэдээлэл, танилцуулгыг хийнэ. Европын Холбооны талаас Европ руу бараа бүтээгдэхүүн экспортлогчдод зориулан 2004 байгуулсан “EU Export Helpdesk” мэдээллийн нэг цэгийн онлайн үйлчилгээний алба, ЕХ-ны Худалдааны ерөнхий газар, ЕХ-ны Төлөөлөгчийн газраас мэдээлэл, танилцуулга хийнэ. Уг арга хэмжээнд ЕХ-ны гишүүн орнууд, Европын бизнесийн төлөөлөл нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа нь хамтын хүчин чармайлтын ач холбогдлыг илүү тодотгон өгч байна. “Европын Холбооны худалдааны өдрүүд” нь ЕХ, Монгол Улсын хоорондын Түншлэл хамтын ажиллагааны гэрээнд (ТХАГ) орсон худалдааны талаархи заалтуудын хэрэгжилтийн эхлэлийг тавьж өгч байгаа юм. Хамтын ажиллагааны бүхий л талыг хамарсан ТХАГ-нд Европын Комиссын Ерөнхийлагч ноён Баррозогийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр буюу энэ сарын 23-нд талууд гарын үсэг зурна. “Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээг Европын Холбоо, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байна. Санхүүжүүлэгчээр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ЕХ-ны Худалдааны ерөнхий газар, ЕХ-ны санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл” хамтран ажиллах юм байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин