Бангладешийн ерөнхийлөгч таалал төгсчээ
2013-03-21

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын ерөнхийлөгч Зиллур Рахман өвчний  улмаас лхагва гаригийн орой таалал төссөн байна.Тэрбээр Сингапурт уушигны эмчилгээ хийлгэж байсан хэмээн тус улсын албаны эх сурвалж мэдээллээ.Тэрээр энэ сарын 10-ны өдөр тус улсын “Монт Элизабет” эмнэлэгт шилжин хэвтжээ. Бангладешаас Сингапур хүртлээ онгоцонд ч мөн эмчилгээгээ үргэлжлүүлсээр ирснээс үзэхэд түүний биеийн байдал маш хүнд байсан гэж хэлэхэд болно. Зиллур Рахман уушигны өвчнөөс гадна үе мөчний өвчин нь ч нэлээд хүндэрсэн байсан хэмээн эмчлэгч эмч нь хэлжээ. Ерөнхийлөгчийн амьсгал хураасан тухай мэдмэгцээ ерөнхий сайд Шейх Хасина болон парламентын гишүүд эмгэнэл илэрхийлэн, ерөнхийлөгчийн цогцсыг эх орондоо авчрах ажлыг эхлүүлж хүмүүс томилжээ. Ерөнхийлөгч Зиллур Рахман 84 настай байсан. Бусад улсуудын ерөнхийлөгчдөөс хамгийн ахмад настай ерөнхийлөгчийн тоонд ордог байжээ. Тэрээр энэ улсын 19 дэх ерөнхийлөгч бөгөөд 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар өнөөг хүртэл улсаа удирдаж байсан билээ. Бангладеш улс 1991 оноос хойш Ардчилсан тогтолцоонд шилжсэн бөгөөд тэр цагаас хойш хөгжил нь харьцангуй тогтвортой болж эхэлсэн. Тэрбээр залуу байхаасаа улс төрийн амьдралд сонирхолтой,  аливаад идэвхтэй ханддаг нэгэн байжээ. 1970-аад онд тусгаар тогтнолын төлөөх дайнд ч  мөн оролцож явсан аж.Тэр үед Зиллур Рахман Бангладеш улсыг үндэслэгч анхны ерөнхийлөгч Шейх Мужибур Рахмантай ихэд ойр дотно ажилладаг байв. Түүнээс хойш Зиллур Рахман үе үеийн парламентын гишүүнээр ажиллаж улс эх орныхоо хөгжлийн төлөө ихээхэн хувь нэмэртэй ажилласан хүн юм. 1975-1986 оны хооронд тэрбээр Авамын лигт голлох  албан тушаалуудад томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тус лигийн ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байв. Ерөнхийлөгч агсан Зиллур Рахманы эхнэр нь ч мөн улстөрч байсан бөгөөд Авамын лигийн гишүүн байсан. Харин 2004 оны болсон халдлагын үеэр тэсрэх бөмбөгт өртөн амиа алдсан юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин