Япон улс хог боловсруулах үйлдвэр байгуулахад тусална
2013-03-21

Вьетнам улсын нийслэл Ханой хотноо болж буй Ази,Номхон далайн орнуудын хог хаягдлын менежментийн асуудлаарх III чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулганд оролцож буй Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга, Япон улсын Байгаль орчны Дэд Сайд ноён Руютаро Ятцутай уулзаж хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна. Уулзалтын эхэнд сүүлийн жилүүдэд хоёр яамны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Өнгөрөгч нэгдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол – Япон улсын Засгийн газар хоорондын “Бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн түншлэл”-ийн гэрээний ач холбогдлыг талууд сайшаан тэмдэглээд уг түншлэлийн хүрээнд Монгол улсад хог боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах боломжийн талаар ярилцлаа. Японы ЖАЙКА байгууллага сүүлийн 5-6 жил Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох талаар ажиллаж байсан. ЖАЙКА байгууллагын туршлага, өмнө гүйцэтгэсэн ажлын үр дүнд үндэслэн хог боловсруулах үйлдвэр байгуулахад тус байгууллагыг оролцуулах, Япон улс санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг Японы Байгаль орчны Дэд Сайд Руютаро Ятцу хэлсэн байна. Түүнчлэн хог хаягдлын асуудлаар Улаанбаатар хот, Япон улсын Ёкохама хот хооронд шууд хамтын ажиллагаа байгуулж, хог боловсруулах үйлдвэрийн технологи нэвтрүүлэх, үйлдвэр байгуулах талаар ярилцжээ. Мөн Япон улсын Байгаль орчны яам, Азийн бүсийн орнуудын дунд хил дамнасан агаарын бохирдлын асуудлаар түншлэлийн механизм бүрдүүлэх саналыг санаачлан боловсруулснаа дурдаад ойрын үед албан ёсоор Монголын талаас  санал авах гэж байгаагаа дуулгажээ. Уулзалтын төгсгөлд Дэд Сайдууд хоёр яамны бодлогын зөвлөлдөх уулзалтыг  ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар хэлэлцэж тохиролцсон байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин