Монгол-Энэтхэгийн засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан болов
2013-03-26

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтарсан хороо (ЗГХХХ)-ны ээлжит IV хуралдаан энэ сарын 21-22-ны өдрүүдэд Шинэ Дели хотноо амжилттай болж өнгөрлөө.

ЗГХХХ-ны Монголын хэсгийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Энэтхэгийн хэсгийн дарга, Гадаад хэргийн төрийн сайд Е.Ахамед нар хэлэлцээ хийж, Монгол улсад мэдээллийн технологийн сургалт, аутсорсингийн төв байгуулах төслийг эхлүүлэх, Улаанбаатар хот дахь Ражив Гандигийн нэрэмжит Урлал, үйдвэрлэлийн сургуулийг шинэчлэн өргөтгөх, Энэтхэг-Монголын хамтарсан сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх, хоёр орны хооронд агаарын шугам нээх болон Монгол Улсын Их сургуульд Буддын болон Санскрит судлалыг гүнзгийрүүлэх зорилгоор мэргэжилтэн багш  ажиллуулах  зэрэг хоёр орны харилцаа,  хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцээний үеэр хоёр тал  хоёр орны харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл урлаг, уул уурхайн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

Шинээр санаачлан хэрэгжүүлэхээр тохирсон ажлуудын дотор хоёр орны гадаад яамдын хооронд зөвлөлдөх уулзалтыг 2013 оноос эхлүүлэн жил бүр тогтмол хийж байх, Монголын багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах, сүүний жижиг аж ахуй, хоршооллыг Монголд хөгжүүлэх зэрэг асуудлууд байв. Хуралдааны төгсгөлд хоёр тал хамтарсан протоколд гарын үсэг зурав.

Энэ удаагийн Монгол-Энэтхэгийн ЗГХК-ын хуралдаан нь хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Комиссын хуралдааны хүрээнд  Монголын хэсгийн дарга , Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Энэтхэгийн мэдээллийн технологийн "NIIT" компаний аутсорсингийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ч.Буу

 
Shuud.mn
Сонин хачин