Жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана
2013-03-27

  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал  нар "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Санамж бичигт гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил гомдлыг шуурхай шийдвэрлэх, мэдээлэл, судалгаа солилцох, аялагч, жуулчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж сурталчлах, сургалт семинар зохион байгуулах ажлууд тусгагджээ. Тухайлбал гадаадын аялагч, жуулчдаас ирүүлсэн гомдол саналыг 48 цагийн дотор шийдвэрлэж, арга хэмжээ авах, хариу мэдээллэх тогтолцоо бүрдүүлэх, жуулчид олноор явдаг хотын төвийн хэсгүүдийг камерын хяналтад бүрэн оруулах, халаасны хулгай, танхайн хэргийн эрсдэл өндөртэй газруудад нэмэлт эргүүл гаргах, жуулчдад зориулсан аюулгүй байдлын санамж, зөвлөмж, ухуулах төрөл бүрийн материалуудыг гадаад хэл дээр гаргаж, нисэх буудал, төмөр замын төв буудал, томоохон үйлчилгээний болон үзвэрийн газруудад байрлуулах аж. Мөн цагдаагийн албан хаагчид болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ажилтнуудад зориулж жуулчны аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, зөв боловсон харилцах, гадаад хэлний анхан шатны сургалтууд зохион байгуулах, үйлчилгээний байгууллагууд жуулчдын аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөлд үйлчилгээ үзүүлж байгаа эсэхэд байнгын хяналт тавихаар боллоо гэж нийслэлийн Аялал Жуулчлалын газраас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин