Гадаадын иргэнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүд бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэргүүд цөөнгүй гарах болсон билээ. Баримт дэлгэхэд БНХАУ-ын Бээжин хотод оршин сууж байсан 29 настай Ц гэх эмэгтэй хамтран амьдрагч Өвөрмонгол эрэгтэйн гарт зэрлэгээр хөнөөгдсөн хэрэг гарсныг хууль цагдаагийнхан нууцлаад өнгөрчээ.
Уг хэргийг хятадын Ардын шүүхээс саяхан эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч У-ын гэм бурууг тогтоон цаазын ял оноож улмаар гүйцэтгэжээ.
Эх сурвалжийн хэлснээр хохирогч бүсгүй бага насны хүүгийн хамт тус хотод дэн буудал ажиллуулж байсан ӨМӨЗО-ны Жирэм аймгийн харьяат 35 настай У гэгчтэй хамтран амьдардаг байсан гэнэ.
Тухайн үед энэхүү хэрэг тус хотын Ху жа ди дүүрэгт гарсан бөгөөд хохирогч Ц хамтран амьдрагч У-ын хамт их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хэргийн үндэс болсон маргаан дэгджээ. Хэрэг үйлдэгдсэн дүүргийн оршин суугчдын хууль сахиулах албанынханд өгсөн мэдүүлгээр “ Эмэгтэй хүн шөнийн 03.00 цагийн орчим тусламж хүсч чанга хашгирч байгаад чимээ тасарсан” гэж өчжээ.
Зарим хүмүүсийн яриагаар У нь талийгаач эмэгтэйн амь насанд халдахдаа хурц үзүүртэй төмрөөр толгойн тус газар нь хэд хэдэн удаа цохиж гэмтээжээ.
Тэрхүү гэмтлийг нь хохирогч Ц даалгүй нас барсан гэнэ. Хамгийн аймшигтай нь У хохирогч эмэгтэй Ц-ийн амийг зэрлэгээр егүүтгэснийнхээ дараа цогцсыг нь жижиглэн мөчилж шуудайд хийгээд цагаан өнгийн суудлын автомашинд тээвэрлэн явж байхдаа цагдаагийн ажилтнуудад саатуулагдан баривчлагджээ.
Түүнчлэн Бээжин хотод бусдын гарт амь үрэгдсэн монгол бүсгүйн хэргээс гадна хар тамхины хэргээр тээвэрлэж золиос болж эмэгтэйчүүд ч бий. Тэд өнөөдөр 15- 20 жил, бүх насаараа хоригдох ял эдлэн сууж буй.
Мөн БНСУ-ын иргэдтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүд ч бусдын гарт амь үрэгдсэн хэрэг гарч байгаа.
Тухайлбал өнгөрсөн жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан дагуулсан нэгэн хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн 2010 оны есдүгээр сард БНСУ-ын Чоннам Нажу хотод Монгол Улсын иргэн 26 настай Г бусдын гарт амь үрэгдсэн юм. Уг хэргийг тус улсын иргэн 36 настай дээд боловсролтой багш мэргэжилтэй Янг гэгч этгээд сэжигтнээр татагдан шалгуулж гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдож 17 жилийн хорих ял сонссон. Хэргийн талаар баримт татвал Чоннам Нажүд амьдардаг Монгол Улсын иргэн 26 настай эмэгтэй Г нь танил эмэгтэйнхээ солонгос нөхөр болох Янг-д хутгалуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байв.
Түүний хамаатны эмэгтэй 21 настай Х нь зуучлах товчоогоор дамжуулан БНСУ-ын иргэн Янг-тай гэр бүл болж, 2009 оны арванхоёрдугаар сард тус улсад очиж амьдарсан аж. Х-ийн солонгос нөхөр байнга архи уун эхнэрээ зоддог байсан тул тэрбээр гурав хоногийн өмнө нөхрөөсөө зугтаж талийгаач эмэгтэйгийнд очсон юм. Х-ийн нөхөр Канг хэрэг гардаг өдөр хохирогч эмэгтэйн гэрт очиж эхнэрээ нэхэхэд “Архиа гаргаад эрүүл болсон хойноо эхнэрээ ирж ав” гэж хэлэхэд хутга гаргаж ирэн эмэгтэй Г-г 6-7 удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ
Солонгос хүний гарт амиа алдсан Г 6 сартай хүүхэдтэй, өнгөрсөн 2009 оны 12 сард солонгос хүнтэй гэрлэн тус улсад амьдардаг байжээ. Одоогоор хүүхэд нь БНСУ-д эцгийнхээ асрамжинд амьдарч байгаа юм.
Н.Түвшин