Иргэдийн хурлын үйл ажиллагаатай танилцлаа
2013-04-05

  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар өчигдөр нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Ийнхүү Улсын ИХ Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хорооны ажлын хэсгийнхэн Улсын Их Хурлаас батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэдгээрийг сурталчлах талаар дээрх дүүргүүдэд зохион байгуулж буй ажлын явц, байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ чиглэлээр хийж буй ажлын явц, цаашид анхаарах асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал солилцов. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг ажлын хэсгийнхэнд хандаж хэлсэн үгэндээ, шинээр хэрэгжиж байгаа төсвийн тухай хуулиар орон нутагт төсвөө өөрөө захиран зарцуулах эрх нэмэгдэж байгаа хэдий ч нийгмийн халамж, үйлчилгээ, орчны тохижилтод төсөв хуваарлагдаад харин хөрөнгө оруулалтад зарцуулах хөрөнгө мөнгө төсөвт тусгагдахгүй байгаад шүүмжлэлттэй хандлаа. Мөн иргэдийн Хурлын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа сул байгаа нь хорооны иргэдийн хурлын даргын ажлыг хавсарч хийж байгаатай нь мөн ажлын урамшуулал үгүйтэй холбоотой байгаа учир энэ асуудлыг цаашид нэг мөр болгож шийдвэрлэх шаардлагатай байна гэж тэрээр хэллээ. Мөн хуулиудын хооронд зөрчил байгааг тэрээр тэмдэглээд тухайлбал, дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа карьерын аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцалсан хэдий ч холбогдох яамнаас зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Эндээс их хэмжээний хайрга олборлож байгаа нь тоосонцор зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрхэд хүргэж улмаар иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой нөлөөлж байна. Үүнээс гадна Морингийн даваанд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй авто спортын уралдаан тэмцээнийг явуулж байгаа зэрэгт анхаарч эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа талаар саналаа илэрхийллээ. Төрийн хуулийг тайлбарлан таниулах, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа тухай тэрээр ярихдаа, саяхан батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийг иргэд нааштай хүлээн авсан төдийгүй Хурлын бүх шатны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, дүүргийн иргэд тус хуулийн хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тээр онцлон тэмдэглэв. Дүүргүүдийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийнхэн дүүргийн удирдлага, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлт, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг Улсын Их Хурлын удирдлага болон холбогдох Байнгын хороонд уламжилна гэдгээ илэрхийллээ.
Shuud.mn
Сонин хачин