УИХ-ын дарга З.Энхболдын чуулганыг нээж хэлсэн үг
2013-04-05

Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, УИХ-ын Эрхэм гишүүд ээ, Хүндэт Зочид оо, Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Намрын чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын гишүүд иргэд, сонгогчидтойгоо уулзан хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийн явцтай танилцан, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар иргэдийн санал, бодлыг сонслоо. Миний бие Улсын Их Хурлын зарим гишүүдийн хамт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж сургууль, эмнэлэг, аж ахуйн байгууллагуудын ажилтай танилцаж иргэдийн санал бодлыг сонсон Тамсагийн газрын тосны үйлдвэр, Бичигтийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ онд Монгол Улс анх удаа газрын тос олборлогч орон боллоо. Дорнодын политехник коллеж анх удаагаа ажил олгогчийн захиалгаар хэдэн зуун мэргэжилтэй ажилчид бэлдэж тэд бүгдээрээ ажилтай болсон байна. Мөн АНУ-ын Конгрессын тэргүүн болон Канадын Парламентын даргын урилгаар Америк, Канад улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол-Америкийн улс төрийн харилцаа, хамтын ажиллагааны түвшинг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж өргөжүүлэх, Канад улстай нийгэм эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх чиглэлээр олон чухал уулзалт ярилцлагууд боллоо. АНУ-ын Хойд Дакота мужийн нүүрснээс байгалийн хий гаргах Дакота газ шиг үйлдвэр байгуулвал Улаанбаатар хотын утааг бүрмөсөн арилгах боломжтойг судалж ирлээ. Айлчлалын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүүнтэй уулзлаа. Тэрээр Монгол Улсын ардчилалыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж байгаа манай улсын санал санаачлага, түүний дотор Судан улсад үзүүлсэн цэрэг, эмнэлгийн тусламж, Судан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны явцтай газар дээр нь очиж танилцсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг өндрөөр үнэлж байсныг энд онцлон тэмдэглэж байна. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын даргын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга У Бангуо, Данийн Вант Улсын Парламентын дарга Могенс Ликкетофт нар манай улсад айлчилж хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар чухал асуудлуудыг хэлэлцлээ. Мөн Ерөнхий сайдын урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад айлчилж хоёр орны парламентын болон улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаа илэрхийллээ. УИХ-ын Эрхэм гишүүд ээ, УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол болон намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно. Эдгээр хууль тогтоомжуудыг хэлэлцэхийн хамт УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас өргөн баригдах улс орны хөгжлийн бодлогын олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Тухайлбал, “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж дүгнэлт гаргана. Мөн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай” УИХ-ын тогтоолууд, 2014-2016 онд төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр зэргийг батална. Засгийн газар эдгээр асуудлыг боловсруулахад онцгой анхаарч, эдийн засгийн нөхцөл байдлыг нарийвчлан тооцсон, улс орны хөгжлийг хурдасгах, ард иргэдийн аж амьдралыг мэдэгдэхүйц дээшлүүлэхэд чиглэгдсэн бодитой бодлогыг боловсруулж хуулийн хугацаанд УИХ-д оруулах шаардлагатай. Учир нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан шинэчлэлийн бодлого, арга хэмжээг бодитой хэрэгжүүлж эхлэх бодлогын баримт бичиг гэдгээрээ онцлог юм.   Нийт нутгаар хаврын урь орж байгаа хэдий ч цаг агаарын хүндрэл, бэрхшээл гарсаар байна. Малчин түмэндээ тусалж дэмжих ажлыг эрчимжүүлж тэдний гэр бүл, хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар энэ хавар эхлэх бүтээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтын хугацаа алдаж байгаа талаар гарч байгаа шүүмжлэлд анхаарлаа хандуулж, ажлаа эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгаж байна. Нэг л мэдэхэд бид өвөлтөйгөө дахин золгоно. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн түвшинд ашиглаж байгаа шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, ирэх өвлийн утааг багасгахад холбогдох яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд одооноос анхаарлаа хандуулан дорвитой арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна. УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтыг дүгнэх хүртэл 1000 хоног үлдээд байна. Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нярайн эндэгдлийг бууруулах, бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр чамлахааргүй амжилтад хүрч байна. Гэвч залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сүрьеэ болон бусад халдварт өвчний тархалт, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах талаар улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна. УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Сонгуулийн Ерөнхий хороо болон бүх шатны холбогдох байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хуулиа ягштал биелүүлэн сонгогч иргэдийн оролцоог хангаж, элдэв зөрчил, хууль бус үйлдлийг гаргахгүй, шударгаар зохион байгуулах үүрэгтэйг сануулъя. Улс төрийн намууд болон иргэддээ улс орныхоо эрх ашиг, үндэсний эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, улс төрийн өндөр соёлтойгоор энэхүү сонгуульд оролцохыг уриалж байна. УИХ-ын Эрхэм гишүүд ээ, УИХ-ын хаврын чуулганаар батлах хууль тогтоомж, шийдвэрүүдэд ард түмнийхээ санал бодлыг өргөнөөр тусгаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвхи санаачилгатай оролцохыг та бүхэнд уриалж байна. УИХ-ын 2013 оны хаврын чуулганыг нээснийг мэдэгдье.
Shuud.mn
Сонин хачин
зочин:
гадаадын эдийн засгийн алуурчид түүний гар хөл бологчидтой тэмцэх хууль хэрэгтэй байна. хэт өндөр ашгийн төлөө тэмцээгүйгээс иргэдээ ядууралд оруулж байна. энхболд нэг ярилцлагадаа ганзгын найманы алтан үе сайхан байсан бараа тав нугараад гэж байсан. ингэж шулсаар байгаад иргэдээ ядууруулж дуусч байна ийм л төр танд хэрэгтэй байгаа юм уу? ардчлал гэхээр нь дэмжиж дагасан юмсан алагчлал болгохоор нь дургүй хүрч байна АН МАН-аас л салах юмсан.
2013-04-06