Боб Брайан: Бид давуулалтын машинтай нүүр тулсан
2013-04-08

  Теннисийн ертөнцийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Дэвисийн цом энэ өдрүүдэд явагдаж байгаа билээ. Хосын төрлийн дэлхийн чансааг тэргүүлэгч ах дүү Брайан өөрсдөөсөө чансаа доогуур Сербийн тамирчдад хожигдсон байна. Америкийн багийн ахлагч Жим Курье болон ах дүү Брайантай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.

 -Үнэхээр хүнд тоглолт байлаа. Хожигдсон ч гэлээ энэхүү гайхамшигтай тоглолтын нэгэн хэсэг байсандаа баяртай байна уу?

-Боб Брайан: Тиймээ. Бид өрсөлдөгчиддөө баяр хүргэх ёстой. Тэд бүтэн өдрийн турш сайн тоглосон гэж бодож байна. 36 давуулалтын оноо нь бидэнд ямар ч боломж өгөөгүй. Ялангуяа тав дах сэтэд. Ялагдал хүлээсэндээ үнэхээр сэтгэл дундуур байгаа. Би багийн ахлагч Курьед болон биднийг уухайлан дэмжиж, сэтгэлийн тэнхээ хайрлаж байсан үзэгч хөгжөөн дэмжигчиддээ талархах ёстой. Дэвисийн цомд тийм их дуу чимээ, түрлэг нүргээнийг сонсоогүй удсан байна. Хором мөч бүхэнд л тэд биднийг дэмжиж байлаа. Баярлалаа. Тоглолтын хувьд үнэхээр үзүүштэй, сайхан тоглолт болж өнгөрсөн. Ялагдагч болж хоцорсондоо сэтгэл дундуур байгаа ч өрсөлдөгчид маань үнэхээр хүчирхэг байлаа.

-Чансаа доогуур эрэмбэтэй, төдийлөн олны танил болж амжаагүй залуу(Илья Бозольац) ингэж сайн тоглосонд цочирдсон уу?

-Майк Брайан: Тиймээ, түүнийг том тэмцээнүүдэд анзаарч харж байгаагүй л дээ. Би түүний тоглолтыг үзэж байсан хүмүүсээс хэд хэдэн зүйл асуусан. Хэрэгтэй зөвлөгөөг ч авч чадсан. Гэхдээ тэр бүтэн өдрийн турш маш сайн тоглосон шүү. Тэр үнэхээр хүчирхэг хамгаалагч байлаа. Сэтүүдийн төгсгөлд ямар ч сандарсан шинжгүй сайн тоглолтыг үзүүлж байсан.

-Жим, өчигдрийн хүнд хожигдлын дараа та багаа хэрхэн сэргээх гэж байна даа?

-Жим Курье: Бид Сербитэй тоглож эхлэхийн өмнө л маш хүнд таван тоглолт болноо гэж хэлж байсан. Ямартай ч гурван тоглолтын ард гарлаа. Одоо хоёр чухал тоглолт үлдээд байна. Ганцаарчилсан тоглолтуудын дараа хоёр тал тэнцүү байсан бол хосын төрөлд бид сайн тоглосон ч ялагдал хүлээлээ. Гэхдээ бид оноогоор илүү байсан ч, дутуу байсан ч үлдсэн бүх тоглолтууддаа зайлшгүй хожих ёстойгоо мэдэж байсан. Тиймээс энэхүү ялагдал юуг ч өөрчлөөгүй. Багийн эрч хүч, уур амьсгал та нарын бодож байгаагаас тэс өөр байгаа. Бид хаана байгаагаа, юу хийх ёстойгоо сайн мэдэж байна. Үүрэг даалгавар ч өөрчлөгдөөгүй. Бид талбайд гараад хожил авах ёстой.

-Майк, телевизээр таныг бугуйны бэртэл авсан талаар ярьж байсан?

-Майк Брайан: Давуулалт хийх үед зовиур мэдэгдэж байсан. Аз болоход ердөө хэдхэн давуулалтад л мэдрэгдсэн. Тэгээд л зүгээр болчихсон.

-Жим, та эсрэг багийнхаа тамирчдыг харж байгаагүй гэсэн. Тэрхүү бүрэлдэхүүний талаар юу хэлэх вэ?

-Жим Курье: Бид талбай дээр очоод эсрэг багийнхаа тамирчдын биеэ халааж байхыг харсан. Тэгээд тэднийг мэддэг хүмүүсээс зөвлөгөө авсан. Бид Ильягийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй болсон. Манай хүмүүсийн аль нь ч түүний тоглолтыг огт харж байгаагүй болохоор хүндрэлтэй байлаа. Түүний бэлтгэлээ хийж байхыг харсан ч, гагц бэлтгэл дээр л тулгуурлан тоглолтод орох нь учир дутагдалтай. Тэр өөрийгөө тийм сайн тоглоно гэж бодоогүй байх. Бид түүний тийм өндөр түвшний тоглолт үзүүлсэнд нь хүндлэл үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ түүнийг Новак Жокович байсан бол хэн ч гайхахгүй байсан байх. Илья бол одоо байгаа чансаанаасаа хавь илүү тоглогч юм шиг санагдсан. Бөмбөг чансаа гэж юу болохыг мэдэхгүй. Бөмбөг хаашаа ойж байгаагаа л мэддэг. Өнгөрсөн тоглолт хүмүүст теннис гэгч спортыг ямар гайхалтайг харуулсан гэж бодож байна.

-Өрсөлдөгчөө хэн байхыг мэдээгүй байж тоглолтодоо хэрхэн бэлдэв?

-Майк Брайан: Долоо хоногийн турш бид Троицкиг тоглоно гэж бодож байлаа. Тэгээд дараа нь Жокович ч байж болох юм гэж бодсон. Бидний хувьд бол тэдний аль нь ч байсан ижилхэн байсан тул бэлтгэлээ тэдэнд тааруулж л хийсэн. Гэтэл гэнэт л шинэ залуу гарч ирсэн. Түүний давуулалтууд үнэхээр хүчтэй байсан. Хэрэв талбайд Троицки гарч ирсэн бол бид баяртай байх байлаа. Гэхдээ түүний оронд тоглосон тэр залуу талбай дээр үнэхээр сайн тоглолтыг үзүүлсэн. Амьдралдаа таарч байсан хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Бид Ильяг маш их хүндэлж байгаа. Бид түүнийг үлдсэн карьерынхаа турш хүндэтгэж үзэх болно.

-Тэр(Илья Бозольац) ярилцлагандаа энэ тоглолт түүний карьерын хамгийн шилдэг тоглолт байлаа гэж хэлсэн. Түүний тоглолтыг хэрхэн дүгнэх вэ?

-Боб Брайан: Бидний эсрэг хамгийн сайн давуулалт хийсэн тамирчин. Та бүхэн харсан байх, тэр барагтаа л бол хоёр дахь давуулалт хийж алдаа гаргаагүй. Би Майк руу хараад ийм зүйл огт харж байгаагүйн байна шүү гэж хэлж байлаа. Үнэхээр ч тийм сайн давуулагчийг харж байгаагүй ээ.

-Майк Брайан: Тиймээ, үнэхээр хүчтэй бас сайн давуулалтууд байсан. Заримдаа биеэ барьсан мэт харагдаж байсан ч тийм байгаагүй юм. Ердөө ганц хоёр л удаа эхний давуулалтаа алдаж хоёр дахь оролдлогыг гүйцэтгэсэн. Түүнийг эс тооцвол тэр бүхэл тоглолтын турш гайхалтай байлаа.

-Та хоёр бол маргаангүй хосын төрлийн шилдэг баг. Харин Ненад(Зимонич) одоогоор хосгүй байгаа. ATP-н тэмцээнүүдэд түүнийг Ильятай нэг баг болж тоглоно гэж бодож байна уу?

-Майк Брайан: Тэдэнд зөвшөөрөл хэрэгтэй шүү дээ.

-Боб Брайан: Би түүнтэй ярилцсан. Тэр Жюльен(Беннето)-тэй хамт тоглож магадгүй гэж хэлсэн.

-Та хоёр түүхэндээ анх удаа Дэвисийн цомын тоглолтод дараалласан хожигдол амслаа. Энэ талаар?

-Боб Брайан: Бидэнд олон ч аз тохиож байсан. Дэвисийн цомд гайхалтай 10 жилийг үдлээ. Чи тоглолтондоо зориулж хувцаслана. Чи гутлаа үдээд талбай дээр гарна. Гэхдээ байнга аз тохионо гэж байхгүй. Сүүлийн хоёр тоглолт үнэхээр хүнд байлаа. Гэвч энэ хоёр ялагдал нь биднийг улам дүрэлзүүлж дараагийн тоглолтыг халуухан болгож байгаа юм. Би уг нь өөрсдийгөө сайн бэлтгэлтэй байсан гэж бодож байлаа. Тиймээс ямар ч шалтаг тоочмооргүй байна. Бид давуулалтын “машин”-тай нүүр тулсан. 36 давуулалтын оноо шүү дээ...

-Талбайн захын суудал дээр байсан хүүхдүүдийн талаар мэдээлэл өгөөч. Танай гэр бүлийн буяны сан тэдгээр хүүхдүүдэд тоглолт үзэх боломжийг олгохын тулд мөнгө төлсөн гэж сонссон. Байгууллагынхаа талаар болон яагаад тэдгээр хүүхдүүдийг авчрах болов?

-Майк Брайан: Тиймээ манай байгууллага тэдгээр хүүхдүүдэд Дэвисийн цом үзэх боломж олгохын тулд хөрөнгө зарцуулсан. Залуу үедээ урам зориг өгөх зорилготой байсан юм. Тэднийг өндөр түвшний тоглолт үзээд өөртөө итгэх итгэл, хүсэл эрмэлзэлтэй болсон гэж найдаж байна. Аав маань байгууллагынхаа төлөө үнэхээр сайн ажилласан. Том ч байгууллага. Тэдгээр хүүхдүүд манай байгууллагын цамцыг өмсөж, тоглолт үзэж байхыг нь харах сайхан байлаа. Харамсалтай нь бид хожигдчихсон.(инээв)

-Жим, үлдсэн тоглолтуудын талаар болон Сэм Куэрриг хэрхэн тоглох бол гэж бодож байна?

-Жим Курье: Мэдээж тэр эхний ялалтыг байгуулсан болохоор өөртөө итгэх итгэл нь их байгаа. Бэлтгэлээ ч сайн базаасан. Тэр дэлхийн шилдэгтэй өрсөлдөх гэж байгаагаа мэднэ. Тэр Жоковичтой Парис болон Палм Спрингст хэд хэдэн удаа тоглоод амжсан. Тухай бүртээ хүчтэй өрсөлдөөнийг гаргаж байсан. Бид ямар нэгэн гайхаж цочирдмоор зүйл болно гэж бодохгүй байна. Тэр Жоковичийг хожиж үзсэн тамирчин шүү дээ.

Ж.Цогтсайхан

 
Shuud.mn
Сонин хачин