Ариун цэврийн байгууламжийн асуудлаар хэлэлцэв
2013-04-10

  ЭМЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт БШУЯ, БОНХЯ, МХЕГ, Нийслэлийн МХГ, Нийслэлийн Захирагчийн Алба, НЭМҮТ, ШУТИС, ДЭМБ, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 20 гаруй хүн оролцов. Энэ үеэр айл өрхийн болон сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдлыг тайлагнаж, цаашид байгууламжийг боловсронгуй болгох талаар ярилцав. Уулзалтыг нээж ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн Бишнү Похрел нар үг хэллээ. Хэлэлцүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшин, сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар НҮБ-аас явуулж буй үйл ажиллагаа, хот суурин газар, гэр хороолол, хөдөө, орон нутгийн ариун цэврийн байгууламжийн шийдлүүдийн талаар холбогдох хүмүүс илтгэл тавив. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид айл өрхийн болон сургууль, цэцэрлэгийн түвшинд ариун цэврийн байгууламжийг сайжруулах шийдэл, аргачлал, хэтийн төлвийн талаар өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгсөн юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин