Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай боллоо
2013-04-12

  Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд ноён Рэжэп Тайип Эрдоаны айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүний Төрийн ордонд хийсэн албан ёсны хэлэлцээ амжилттай боллоо. Өнө эртний түүхийн хэлхээ холбоотой, ижил төстэй хэл соёл, өв уламжлалтай Монгол Улсад дахин айлчилж буйдаа баяртай байгаагаа Туркийн Ерөнхий  сайд ноён Эрдоан илэрхийлээд халуун дотно хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. “Монгол Улс манай улсыг гуравдагч хөршөө хэмээн тодорхойлсонд талархаж байна” гэлээ. Олон зууны тэртээ нэг нутаг дэвсгэрт хаяа дэрлэн оршин байсан манай хоёр ард түмний уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд сэргэн хөгжиж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэлцээний эхэнд тэмдэглэлээ. Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан 2005 онд манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр эртний түрэгийн хөшөө дурсгал хүртлэх замын шавыг тавилцаж байсан бол эдүгээ энэ замаар аялагч, жуулчид зорчих болсон. Түүхийн энэ хэлхээ холбоо, өв уламжлал нь манай хоёр орны харилцааг ойртуулах таатай хөрс суурь болж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодотгож байлаа.   Монгол Улс 2004 оноос Турк улстай иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид харилцаагаа улам ахиулж, стратегийн түншлэлд хүргэх зорилт тавьж байгаа гэж тэмдэглээд энэ хэлэлцээний дүнд хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтад хүмүүнлэгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ. Туркийн иргэдийн Монгол Улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргахаа мэдэгдлээ. Ингэснээр хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болох юм. Улаанбаатар-Истанбулын чиглэлд өнгөрсөн оны долдугаар сараас зорчигч тээврийн шууд нислэг хийж эхэлсэн нь түүхэн харилцаатай манай хоёр орны харилцааг эрчимжүүлэх боломжийг өргөтгөсөн гэдэгт Ерөнхий сайд нар саналд нэгтэй байлаа. Агаарын тээврийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Энэ хүрээнд хоёр орны авиа компаниуд хамтран Истанбул-Бишкек-Улаанбаатар-Сөүл гэсэн чиглэлд долоо хоногт гурван удаа ачааны нислэг хийх саналыг дэвшүүллээ. Монгол Улсад бүтээн байгуулалтын ажлууд ид эхлэх гэж байна. Ноён Р.Т.Эрдоан Ерөнхий сайдын албыг авахаасаа өмнө хотын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ 400 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан амжилтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглээд түүний туршлагаас судлах, иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Орон сууцны барилга, зам гүүр, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах болон арьс, шир, ноос ноолуур боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дэд бүтцийг сайжруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцлоо. Эрчим хүчний салбарт шилдэг технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ Туркийн Ерөнхий сайд хэлээд өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ. Энэхүү айлчлалын үр дүнд Монгол Туркийн уламжлалт найрсаг, ойр дотно харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт Ерөнхий сайд нар итгэлтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин