Монгол судлалыг хөгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2013-04-12

  УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсны дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Тогтоолын төслийг Монгол судлалыг шинжлэх ухааны тэргүүлэх салбар болгон төрийн ивээлд хөгжүүлэх, олон улсын монгол судлаачдын шинэ залуу халааг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Шинжлэх ухааны Академийн харьяа Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэнгүүдийг нэгтгэн Монгол судлалын Үндэсний Академи байгуулан цаашид энэ чиглэлээр судалгаа хийдэг Төрийн бус байгууллагууд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр зарлигаар байгуулагдахаар Засгийн газраас төлөвлөгдсөн “Монгол судлалыг дэмжих сан”-гаас үйл ажиллагааг нь санхүүжүүлж байхаар боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс Монгол судлалыг хөгжүүлэх талаарх баримт бичгүүдийг нэгтгэн нэг бодлогын баримт бичиг гаргах, Олон Улсын Монгол судлалын Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, УИХ-аас нэгдсэн бодлого боловсруулан шинжлэх ухааны салбарыг бүхий л талаар дэмжин ажиллах нь зүйтэй гэсэн саналууд гаргажээ. Түүнчлэн тогтоолын төсөлд тусгагдсан зарим асуудлууд нь Засгийн газраас баталсан “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-т тусгагдан хэрэгжиж эхэлж байгаа тул давхардуулан шийдвэр гаргах шаардлагагүй гэсэн саналыг ч гаргасан юм байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх шаардлагагүй, төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд энэ асуудалд анхаарал хандуулан хэлэлцсэн бөгөөд тогтоолын төсөл санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Олон улсын монгол судлалын холбоо Монгол судлалыг таниулах, өвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ч 15 жилийн хугацаанд 5 жилд нэг удаа хурал зохион байгуулснаас өөр дорвитой үйл ажиллагаа явуулаагүй. Тэр утгаар Монгол Улс өнөөдөр гадаадын судалгаан дээр суурилж, эсвэл тэдний гаргасан зүйлийг орчуулж монгол судлалаа ойлгох биш харин монгол судлалын үндсэн төв нь монголдоо суурилж монголд хүмүүс ирж судалгаа хийдэг байх, бид гадныхнаас зөвхөн мэдээлэл авдаг байдлаар судалгааг Монгол Улсад илүү төвлөрүүлээсэй гэж хүсэж байгаа тухайгаа тайлбарлан хэлж байлаа. Ингээд гишүүдийн олонх Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг санаачлагчид нь буцаах тухай Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй.
Shuud.mn
Сонин хачин
bata:
Mongol sudlaliin neg ch asuudal sudlaj uzeegui neg ch mongol sudlaliin gazar ochij uzeegui ene dultiraa helt yu chadahav dee huurhii
2013-04-13