Н.Төгсцогт: Кубын тамирчинтай дахин тулалдана даа
2013-04-14

Лондонгийн тэнгэрт Монголынхоо тугийг мандуулж олон арван хүний магнайг тэнийлгэсэн боксчин Н.Төгсцогтыг олимпийн дэвжээнээс мөнгөн медаль зүүгээд эх орондоо ирээд удаагүй байхад нь Шуудынхан гэрт зочилж байсан юм.Уг сурвалжлагаа сийрүүлэн хүргэе.

Эх орон нэгтнүүдийнхээ итгэл найдварын гал нь болон олимпийн дэвжээнд бадамлана гэдэг 20-хон насанд амар олдох тавилан биш ээ. Н.Төгсцогтын хувьд ийм л тавиланг өөртөө үүрч, Лондоны тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулсан гялалзсан тамирчин. Тэр Азербайджан, Итали, Узбекстаны шилдэг боксчдыг рингэнд буулгаж, ОХУ-ын найдвар Миша Алояныг илүүрхэн хожиж хүрэл медалийг алгассан Н.Төгсцогт олимпийн сүүлчийн өдөр хүртэл манай алтан медалийн найдлага байлаа. Хүссэн медалийнхаа оосроос  атгаад алдсан хүүгийнхээ нулимсыг бид хотлоороо харсан цаг  саяхан. 17-хон насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын ширэн бээлтнүүдийн амжилтыг  олон улсын тавцанд  цуурайтуулж, амжилтын гараагаа эхэлсэн гавьяат тамирчин Н.Төгсцогтынхоо гэрт манай сурвалжлах багийнхан  зочилсон юм. Отгон гавьяатын амьдардаг  нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын байранд очлоо.  Цаг товлосон ёсоор байрных нь үүдэнд очоод Н.Төгсөөгийнхөө  гар утас руу залгахад  “Одоохон гарлаа. Үүдэнд хүрээж байгаарай” гээд төд удалгүй цагаан өнгийн богино цамц өмсч, саравчтай малгай хэлтгий духдуулж, цэнхэр жинсээр гангарсан тэрээр орцноосоо нүүр дүүрэн инээмсэглэсээр  гарч ирэв.  Цахилгаан шатанд суухдаа “Та нар өдрийн хоолоо идсэн үү. Би гоё бууз жигнэж өгнөө” хэмээн инээмсэглэн ярих түүний Лондоны рингэн дэх хүндхэн тулаанууд сэтгэлд хөвөрч,  зарим тоглолт нь  нүдний өмнө амилах мэт болоход бахдах, бас сүрдэх сэтгэл  өөрийн эрхгүй төрж байлаа.  Гэхдээ сүрдсэн бодол минь гэрт нь зочилсны дараа  арилж, яг л дүүтэйгээ байгаа юм шиг дотно сэтгэгдэл төрүүлсэн билээ.  Н.Төгсцогтыг олимпийн мөнгөн медаль хүртсэний дараа олон ч сэтгүүлч гэрт нь зочлох санал тавьсан боловч тэрээр цаг зав тун муу байсан учраас хүлээж авах боломжгүй байсан гэдгээ учирлалаа. Харин биднийг гэртээ урих болсон нь түүний гурван жилийн өмнөх амлалт юм. Тэр дэлхийн аварга болсон жилдээ Шууд.мн сайтад ярилцлага өгөхдөө ”Ирэх 2012 оны олимпиос медаль хүртвэл хамгийн түрүүнд танай сайтад ярилцлага өгнө” гэсэн амлалтаа ийн биелүүлсэн юм. Хэдийгээр  олимпийн медаль  зүүсэн анхны баярт мөчийг нь хуваалцаж амжаагүй ч гэрт нь гарын хоолоор нь дайлуулна гэдэг биднийг хувьд маш их хүндэтгэл байв. Ингээд Лондоны олимпийн  мөнгөн медальт Н.Төгсцогтынхоо яриаг уншигчидтайгаа хуваалцая. -Олимпийн мөнгөн медалийг чинь үзэж болох уу. Саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар олимпийн медальтнуудад сар бүр  мөнгөн  урамшуулал олгохоор болсныг тамирчид хэрхэн хүлээж авав? -Олимпийн мөнгөн медаль маань энэ байна даа. /үзүүлэв/ Ерөнхийлөгчийн зарлигаар тамирчдад мөнгөн  тэтгэлэг олгож байхаар болсон нь их урам өгсөн л дөө. Спортод  амжилт гаргаад  үнэлүүлнэ гэдэг сайхан шүү дээ. Тамирчин хүний хувьд насан туршдаа улсаас сар болгон урамшуулал цалин авна  гэдэг бол амжилт гаргах үндэс болно. Бэлтгэлээ  хийхэд хүртэл урамтай шүү дээ. Би залуу хүн. Зөвхөн Лондоны олимпод алтан медалийн төлөөх барилдаанд ялагдал хүлээснээр миний тэмцээн дуусахгүй. Дөнгөж эхэлж байна.  Илүү олон тэмцээн уралдаанд орно.Энэ үед мөнгөн урамшуулал маань бэлтгэл сургуулилт хийхэд асар их дэмжлэг болно.  Магадгүй нэг өдөр боксоо тоглохгүй болох үе ч ирэхийг үгүйсгэхгүй. Тамирчин хүнд бэртэл гэмтлээс эхлээд эрсдэлтэй зүйл олон бий. Бусад тамирчдын хувьд адилхан байх. Ерөнхийлөгч маань ийм зарлиг гаргасанд баяртай байна. -Маш олон медаль авчээ. -2007 онд авч байсан Миланы дэлхийн аваргын мөнгөн медаль байна. Мөн  2010 онд Монголд болсон тэмцээнээс 17 настайдаа их л сүр дуулиантай авч байсан медаль даа. Олимпийн аваргаас бусад медалийг ер авсан /инээв/. Энэ алтан медаль бол Оюутны дэлхийн аваргын медаль байгаа юм. Мөн шилдэг боксчны цомыг авч байсан. -Олимпийн алтан медалийн төлөөх тулаанд ялагдал хүлээсэнд дасгалжуулагчийг тань буруутгах хандлага мэр сэр байсан… -Техник, тактик дээр ялагдсан гэж бодохгүй байна. Харин өөрийнхөө биеийн байдалд анхаарал алдсан юм болов уу.  Жингээ олон хоног барьсан болохоор яг финалийн өдөр  жингээ үзүүлчихээд хоол идэх гэсэн дотор жаахан эвгүйрсэн. Хоолоо идэж чадахгүй байхаар нь шууд тоглочихсон юм. Тоглохын өмнө жаахан цай ууж амарсан. Хэрэв бага зэрэг  хооллосон бол дотор  эвгүйрхэж байсан ч гэсэн биед шингээд гайгүй болох байсан байх. Ер нь хооллоогүй тоглосон нь жаахан алдаа байсан уу даа гэж дүгнэж байна.  Түүнээс  биш багш дасгалжуулагчид, баг хамт олон маань аль болох бүгд л миний төлөө зүтгэж байсан. Бэлтгэл бол маш сайн байсан. Кубын тамирчин бол хүчтэй өрсөлдөгч байсан. Надаас нэг насаар дүү.  Гэхдээ бүх л улсын тамирчид адилхан л даа Англи, Америк, Франц, Узбекстан, Итали гээд л бүгд шилдгүүд. Эхний даваанд таарсан Азербайджаны тамирчин мөн адилхан. Сая олимпоос хүрэл медаль авсан Ирландын тамирчин гээд бүгд л эн тэнцүү өрсөлдөгчид, тухайн үедээ хэн нь сайн сэтгэж чадсан нь ялалт авч байлаа. Кубын тамирчинтай хийсэн тоглолтод  өөрийнхөө биеийн байдлаас болж алдсан л даа. Магадгүй өмнөх өдрийнх шиг байсан бол олимпийн алтан медаль ойрхон байсан.  Кубын тамирчинтай дахин тулалдахдаа л харна даа /инээв/. -Ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл бий юу. Найз охинтой болсон уу? -Миний хувьд ирээдүйгээ нарийн төлөвлөсөн юм алга.  Өмнө нь бол төлөвлөх гээд байдаг байсан. Одоо би 20 настай гэхээр боксын төлөө л явж амжилт гаргахгүй бол өөр илүү олон зүйл бодож сатаармааргүй байна. Боксоороо хичээллээд явна гэж бодож байгаа. Ойрын хэдэн жилийн төлөвлөгөө гэвэл энэ л байна даа. Мэдээж хажуугаар нь ойр зуурын ажил, хичээл сургууль гээд хийх зүйл нэлээд бий. Одоо Дотоод хэргийн сургуулийн 4-р курсын оюутан. Цагдаагийн үндсэн ангид нь сурдаг. Одоогоор гэртээ ганцаараа амьдарч  байна. Найз охин мэдээж байлгүй яахав. Үерхээд жил гаруй болж байна. Миний хувьд гэр бүл болох бодол одоогоор бага байгаа. Нэлээд амжилт гаргасныхаа дараа энэ тухай бодно. Залуу байгаа учраас хийх зүйл их. Ер нь  ирээдүйд олон хүүхэдтэй болно гэж боддог. Олуулаа байх сайхан шүү дээ. Би эхээс хоёулаа, нэг эмэгтэй дүүтэй. Миний аав, ээж их сайхан хүмүүс байдаг. Аав маань  Өмнөд Солонгост ажиллаад зургаан жил болж байна. Саяхан ирээд буцсан.  Миний ээж бол их чөлөөтэй хүн. Миний бүх л зүйлийг зөвшөөрдөг. Би бага байхаасаа чөлөөтэй гоё орчинд өссөн. Ээж минь үргэлж намайг дэмждэг. Энэ сайхан хоёр хүний хүү болж төрж өссөндөө их баяртай явдаг. Бас Монголд төрсөндөө баярладаг. -Спортоор хэдэн жил хичээллэж байна вэ? -Спортоор хичээллээд 10 гаруй жил боллоо. Харин боксоор зургаа дахь жилдээ хичээллэж байгаа. Энд 14 настайгаасаа эхэлж цуглуулсан медалиуд байна даа. Дэлхийн аваргаас   ирээд гавьяат тамирчин цол хүртээд Ерөнхийлөгчтэй авахуулсан зураг байна. Тэгэхэд 17 настай байлаа. Онцлох медалиуд их байгаа. Хамгийн анхны медаль бол Улаанбаатарт зохиогдсон нэрэмжит тэмцээнээс 14 настайдаа залуучуудын ангилалд ороод авч байсан мөнгөн медаль байгаа. Тухайн үед өөрөөсөө хоёр, гурав ах тамирчинтай өрсөлдөөд энэ медалийг авсан. Түүний дараа 6 настайдаа өсвөрийн улсын аварга болж байсан. Энэ Азийн хүүхдийн их наадмаас авсан медаль,  саяхан Якутад болсон. 2009 онд насанд хүрэгчдийн улсын аваргаас “Ирээдүйтэй боксчин” болсны дараахан олон улсын медалиуд эхэлсэн. Хамгийн сүүлд авсан медаль гэвэл Хабаровскийн олон улсын тэмцээнд 56 килограммын жинд Оросын боксчинтой зодолдож, нэг оноогоор ялагдаж хүрэл медаль авч байлаа.  Мөн цагдаагийн гавьяаны медалийг 2009 онд авч байсан. -Дэлхийн аварга болсны чинь дараа аавыг тань БНСУ-ын иргэн болооч гэсэн хүсэлт ирсэн гэж үнэн үү? -Тэр яриа худлаа л даа. Би зарим сэтгүүлчийг ойлгодоггүй юм. Яагаад тэгж сенсаац дэгдээгээд байдаг юм бол гэдгийг. Сэтгүүлчдээс  ярилцлага авах  санал их ирж байгаа. Зарим нь миний ажлыг ойлгохгүй, уцаарлангуй байдаг л даа. Бэлтгэл сургуулилт ихтэй учраас цаг зав муу шүү дээ. Ихэнхдээ бэлтгэлээ хийгээд л явдаг. Нэг гэртээ ирвэл хувцсаа угаана. Тэгээд л  маргааш өглөө нь эргээд бэлтгэлдээ гардаг. Ер нь гэртээ байхаасаа байхгүй нь илүү дээ, жилд ганц хоёр л хонодог. Хамгийн   ихдээ гэртээ долоо хонож байсан юм байна . Жаахан зав гарвал хоёр эмээгийндээ очих ч гоё доо. -Хоолоо өөрөө хийдэг үү? - Би хоол хийхдээ жаахан тааруу. Гэхдээ өөрийнхөө хоолыг хийгээд идчихдэг. -Энгийн үед зодоон хийж байв уу? -Бараг үгүй дээ.  Зодоон бол тэмцээн урлаг гэдэг талаас нь ойлгодог. Түүнээс биш  бокс тоглодог гээд  энгийн хүмүүсийг зодоод байж болохгүй. -Яах аргагүй байдалд тэвчээд өнгөрөх үү? -Дунд сургуульдаа нэг сурагчийг цохиж байсан юм байна. Эхлээд хэд хэд цохиулсан л даа. Дараа нь ганц л цохисон. Гуйваад явчихсан / инээв/. -Найз охиноо танилцуулж болох уу? -Хэрэггүй ээ, сэтгүүлчид элдэв юмтай холбож бичээд төвөг болно. -Х.Тэмүүжин гишүүн твиттертээ  “Н.Төгсцогт маань мөнгөн медаль хүртээд сэтгэл дундуур байх шиг байна. Би ч мөн адил мэлмэрч байна” гээд л бичсэн байна лээ. Уншсан уу? -Хөөх тийм үү. Тийм мундаг хүмүүс намайг дэмжиж байсан гэхээр үнэхээр гоё юм аа. Би итгэлийг нь алдахгүй. Намайг дэмжсэн бүх хүмүүст дахин баярлалаа. -Гэмтэл авч байсан уу? -Өнгөрсөн хугацаанд жижиг гэмтлүүд их авч байсан. Ялангуяа Миланы дэлхийн аваргын дараа гарын үеэ гэмтээчихсэн. Тэрнээс хойш нэг хэсэг жаахан нөлөөлсөн байх гэж боддог.  Гэмтэл авсны дараа хүн цохихоор гарын суга цочиж өвдөөд цохиж чадахгүй байсан. Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубээс зардал гаргаад Солонгос руу эмчилгээнд явсан. Гэсэн ч сайн эдгэрээгүй. Хүний дух ч юм уу, хатуу эрхтнүүд руу цохихоор хавдчихдаг. -Шантрах үе гарах уу? -Шантрах үе гардаг ч спортоо орхих хэмжээнд бодож байгаагүй. Мэдээж аливаа зүйлд шантрах, гуних гутрах, баярлах үе байдаг л даа.  Тэр бүхэнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Алтан медалийн төлөөх тулаанд  өөртөө итгэлтэй гарч ирсэн л дээ. Гэхдээ болох ёстой зүйл болдгоороо болсон юм байлгүй. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
gvnj:
huurhiimaaaa
2013-04-18
Оргил:
Төгсцогттоо амжилт хүсье. Сайн тоглож биднийгээ баярлуулж яваарай.
2013-04-15
olimpiin devjee:
olimpiin jal huu sain bn mn dalbaag olon ulsyn tavtsand avch yvna.ondor uulyn tsaana uul bii,zorigt baatriin tsaana,zorist baatar er baidag ym tiim bolhoor uuland avirbal itseltei bai,er zoritontoi uchirval sambaa zorigtoi bai mn-yn hairtai huud ondroos ondor uuland sarch,olon olon baatar eriin manlai bolooroi olon saihan oron oronii devjeenii bogschid chamaig devjeen deer hair nairgui buuj duusahdaa sain naizuud zarimaas ni bolgoomjtoi baigarai horloj magadgui bolgoomjtoi bai amjilt ondor boloh tusam horlol medegdehgui oirtoj irdeg ym jisheelbel bersli urt naslalgui yalaa da tiim humuusiin tuuh sudalj bai. eh orny hairtai huu bayrtai
2013-04-15
ХХХх:
Хөөрхөн бацаан амжилт, алт авна шүү. Харин тэр Тэмүүжин жибаг холидог нь ёстой илүү болжээ
2013-04-15
Волю:
Dvvdee amjilт
2013-04-14
ганбаа:
Сахан сахан, үзэгч дэмжигч биднийгээ олон баярлуулна гэж итгэж хүлээж байна. Амжилт!
2013-04-14
dashka-29:
Saihan zaluu huu baina.Mongol tumen baharhaj bgaa.Olimpiin avarga bolno. amjilt husie!
2013-04-14
ЗОЧИН:
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ МӨНГӨН ЖААЛ ХҮҮДЭЭ ИРЭХ ОЛИМПОД АЛТ АВААД АЛТАН ЖААЛ БОЛОХЫГ ЕРӨӨЕ.
2013-04-14
зочин:
Сайхан хүү байна. Сайн бэлтгэл хийж олимпийн аврага болоорой. Нэг юм хэлэхэд өөртөө жаахан итгэлгүй байдаг юм уу даа. Бурхан чиний дотор байгаа шүү. Бурхан багш тэгж л хэлсэн. Өөртөө л итгэ. Ур чадвар хурд хүч бүгд байгаа гэдэгтээ итгэ. Хэн нэгэн одын дүүтэй сууж сайхан амьдрах биш энгийн даруу сайхан охинтой суувал амьдрал чинь тэгш сайхан байна даа.
2013-04-14
түвшин:
Бахархаж байна дүүгээрээ. эгэл даруу зан чинь чамайг ёлкны мод шиг хачин сайхан харагдуулж байна. зангаа битгий эвдээрээ
2013-04-14
setguulchid:
Би залуу хүн. Зөвхөн Лондоны олимпод алтан медалийн төлөөх барилдаанд ялагдал хүлээснээр миний тэмцээн дуусахгүй. Ene Odoo yu gesen Ug ve. Bas 6 nastaidaa usvuriin avargad togloson ch gej shig mal setguulchee. Materialaa hyanaj bgaach
2013-04-14
ulaan fan:
mundog
2013-04-14
дэмжигч ах нь:
Мундаг хүү шүү. Бразилын олимпын аварга болоорой. Бас даруу зангаа гээж болохгүй шүү. Улстөр болон улстөрчидөөс холуур яваарай. Ийм л юмыг захья даа дүүдээ.
2013-04-14