Хөрөнгийн зах зээлийн дүрэмд нэвтэрсэн тоглогч хэрэгтэй байна
2011-11-12

“Хэрвээ хүн төрөлхтөн үнэт цаасыг мэдэхгүй байсан бол Төмөр зам, Уул уурхай зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж чадахгүй байсан бизээ” хэмээн   Карл Маркс нэгэнтээ хэлсэн. Үнэхээр  дэлхийн улс орнууд 300-400 жил хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож, бизнесийнхээ өдөр тутмын хэрэглээгээ хангаж байна. 2009-2010 онд дэлхий нийтийг хамарсан хямралтай холбоотойгоор IPO хийх ажиллагаа хийгдээгүй бөгөөд харин 2011 онд эдийн засаг сэргэж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгийн зах зээл болон бизнесийн орчины шинэтгэлд  ихээхэн анхаарал тавих болсон, ашигт малтмал болон дэд бүтэц дээр түшиглэсэн үндэсний томоохон компаниуд төрж байгаа зэрэг нь Хөрөнгийн зах зээл хөгжихөд болон цаашдаа Монгол Улсын эдийн засаг хөгжихөд ихээхэн найдлага төрүүлээд байна. Ойрын жилүүдэд Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ болон хөрш Хятад улсын эрчим хүчний болон ашигт малтмалын хэрэгцээ хурдацтай өсөж байгаа нь Монгол Улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх боломжийг нээж, бид өөрчлөгдөн хөгжих шинэ шатанд гарахад бэлэн болоод байна. Хэдийгээр Анод,  Зоос зэрэг банкны дампуурал, Монголын  хөрөнгийн биржийн харилцагчдынхаа 1,1 тэрбум төгрөгийг алдсан, арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг хөрөнгийн зах зээл рүү хандуулахад саад болж байгаа боловч компаниуд  2005–2010 онуудад 67 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн IPO хийж татаж чадсан байна. Мөн компаниуд  хамгийн багадаа 1,1 тэрбумаас хамгийн ихдээ 20 тэрбум  төгрөг  босгож чадсан нь уул уурхайн компаниудын хувьд багаас дунд зэргийн хэмжээний орд газрын хайгуул судалгаа, нөөц тогтоох, тодорхойлох, ТЭЗҮ боловсруулах, хөгжүүлэх, үйлдвэрлэл явуулах зэрэгт ба  үүн дээрээ үндэслээд гадаадын биржүүд дээр гарах боломж байгааг харуулж байна. Хэдий бид арвин их нөөц баялагтай боловч зах зээлийн эдийн засаг хэмээх шинэ тоглоомын дүрмийг сайн ойлгож сайн тоглогч болж амжаагүй байна. Аль дээр үед зах зээл, капиталист нийгэмд орчихсон  туршлагтай тоглогчидтой зарим орнууд манай орны баялаг дээр түшиглэн гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босгоод, түүгээрээ манай орны баялгийг өөрсдөөр маань олборлуулж, гадагш нь  зөөлгөж орлого олчихоод,  түүнээсээ жаахан хэсгийг нь татвар энэ тэрд  өгчихөөд, үлдсэнийг нь гадаадад амьдрах хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж, үлдсэн хэсгийг нь  өөрсдөдөө авч байна. Тэгэхээр монголчууд энэ тоглоомыг дүрмийг судалж өөрсдөө бие даан тоглож сурах хэрэгтэй болж байна. Уул уурхайн компаниудын хөрөнгө болгох аргууд Дэлхий дахинд уул уурхайн төслийг 3 үндсэн үед хувааж шат тус бүрийг ямар аргаар санхүүжүүлж байна. Хайгуулын шатанд эхлэлтийн санхүүжилт босгохын тулд  IPO гаргах, -Компаниуд төслийн үнэ цэнээ нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд IPO-ийн өмнөх санхүүжилтийг хийх шаардлагатай. IPO гаргавал таны хувьцааны үнэ маш бага байна. Дараа нь таны бизнес амжилттай явагдаж хувьцааны үнэ өссөн тохиолдолд энэ нь нэлээн таагүй зүйл байх болно. Гэхдээ энэ аргыг олон компаниуд хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй  бөгөөд ихэнхдээ Австрали, Торонто, Лондон зэрэг биржүүдийн өсөлтийн буюу хоёрдогч зах зээл дээрээс уул уурхайн салбарыг харьцангуй сайн мэддэг, ирээдүйг нь харж чаддаг хөрөнгө оруулагчид худалдаж авдаг байна. Дараагийнх нь банкны зээл. -Мэдээж банкнаас зээл авч болно. Ингэхийн тулд та ашигт малтмалын орд газраа барьцаална. Банкныхан эрсдэл өндөр байгааг харгалзан үзэж нэг бол танд өндөр хүүтэй мөнгө зээлнэ эсвэл бүр огт зээлэхгүй.  Мөнгө зээлсэн тохиолдолд та мэдээж буцааж төлөх хэрэгтэй болно хайгуулаас олборлолт хүртэл нэлээдгүй урт хугацаа ордогийг анхаарах нь зүйтэй. Бонд гарах нь тийм ч оновчтой шийдэл биш. Зах зээл дээр танигдаж үйл ажиллагаа нь тогтворжсон, зээлийн сайн түүхтэй,  эрсдэл багатай гэж тооцогддог газрууд гаргадаг. Хувийн хөрөнгө оруулалт  богино хугацааны мөнгөн урсгал шаардахгүй Компанийн санхүүгийн найдвартай байдлыг дээшлүүлнэ. Мөн бүтээгдэхүүн худалдан авагчид хөрөнгө оруулагчидтай бол  найдвартай байдлыг дээшлүүлнэ, борлуулалтыг баталгаажуулна, ихэнх тохиолдолд 10-20 хувь хувьцааны хөрөнгө оруулагчид байна.  Стратегийн буюу аж үйлдвэрийн хөрөнгө оруулагчид дийлэнх тохиолдолд үйл ажиллагаа явуулж буй уурхай, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байна. Компанийн хувьцааг зарахдаа бага  хэмжээний хувьцааг хаалттай хэлбэрээр  хөрөнгө оруулагчид зарж чадсанаар эхлэлтийн хөрөнгөө босгох боломжтой. Дэлхийн уул уурхайн жишиг хандлага ийм байна. гэтэл манай улсад эсрэгээрээ үйлчилж байна. Тодруулбал, бизнес эрхлэгчид шаардлагатай хөрөнгө оруулалтынхаа 90 шахам хувийг арилжааны банкны зээлээс бүрдүүлж хөрөнгийн зах зээлээс орж ирэх хөрөнгө оруулалт   4-5 хувийг  л бүрдүүлж  ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй боловч хаана ямар зарчмаар, ямар нөхцөлтэйгөөр тусгай боловсруулсан стратегийн үндсэн дээр бодлоготойгоор хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн үр дүнтэй. Солонгос Япон зэрэг азийн орнуудын туршлагаас харахад дотоодын Самсунг, LG, Sony, Toyota зэрэг томоохон компаниудыг бодлогтойгоор дэмжиж дэлхийн хэмжээнд гаргаж чадсан нь одоо тухайн улсынхаа эдийн засагт томоохон үүргийг гүйцэтгэж байна. Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүйгээс Дотоодын ААН-үүдэд    санхүүжилт авах ганц арга зам нь банкнаас өндөр хүүтэй зээл авах болж байгаа ба  дотоод гадаадын хөрөнгийн биржүүд дээрээс хямд өртөгтөй санхүүжилт авах хэрэгцээ их байгаа боловч Монголчуудын хувьцаагаар хөрөнгө босгох хямд, өргөн цар хүрээтэй эх үүсвэрийн талаарх мэдлэг, туршлага, мэдээлэл дутмаг байна.       Өнгөрсөн онд  Торонто, Лондон, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдэд Монгол Улсын уул уурхайн  ордтой хамааралтай 20 гаруй компанийн  хувьцаа арилжаалагдаж байгаа. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited” компани нийт 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27,0 тэрбум Хонконг долларын санхүүжилтийг бий болгосон бол Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй  Айвенхоу майнз компани Оюутолгой ордоор барьцаа хийж  424,9 сая ширхэг хувьцаа гаргаж 5,6 тэрбум канад долларын эх үүсвэрийг босгож чадсан. Тиймээс  бид Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж өөрсдийн баялгаас хөрөнгө босгож сурахын тулд дэлхийн хөрөнгийн зах зээлийн тоглогч болох шаардлагатай болоод байна. Гадны хөрөнгийн биржүүд нь тухайн орныхоо ард иргэдийн мөнгөө арвижуулах газар нь болохоос гадна тухайн улсын компаниудын санхүүжилт босгох санхүүгийн төв нь болж байдгаас засгийн газраас нь онцгой анхаарал хандуулдаг байна. Манай улсын хөрөнгийн биржийн хувьд хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний тал дээр болон асуудлыг энэ зах зээлд оролцож байгаа бүх талуудтай нь хамааруулж цогцоор шийдэх хэрэгтэй байна. Юуны өмнө гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдын эрсдэлийг багасгах үүднээс МХБ-тэй гэрээтэй ажилладаг  хариуцлага тооцдог мэргэжлийн ес зүйтэй, тухайн төслийг толгойгоороо хариуцдаг үнэнч шударга, сайн мэргэшсэн хуульч, аудитор, бизнесийн үнэлгээчин, геологич зэрэг хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт хийдэг мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй байна. Уул уурхайн төслүүдийг үнэт цаасаар санхүүжүүлэх судалгааны ажлын хүрээнд дээрх  санхүүжилт босгох үндсэн аргуудаас IPO гаргах буюу олон нийтэд анхлан санал болгох гэсэн аргыг судлахад уул уурхайн компаниуд төслийн янз бүрийн шатандаа тохирсон санхүүжилтийн хэлбэрийг сонгож авах нь хамгийн зөв шийдвэр болох нь харагдаж байна. Иймээс бидэнд Эх орныхоо баялгийн  эзэн  шиг сэтгэж, их мөнгийг босгож чадна гэдгийг харуулсан монгол компанийн замаар улам олон компаниуд замнаж  Монголын орны хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах цаг ойрхон байна. СЭЗДС  Магистрант Д.Эрдэнэбилэг
Shuud.mn
Сонин хачин
Jaahan y umshaacheee.
2011-11-12