Үйлчилгээний хүнд суртал, ачааллыг бууруулсан гэж байна
2011-11-12

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх асуудал нь төрийн байгууллага, албан хаагч, иргэдийн үйл ажиллагааны шударга, ёс зүйтэй байдал, хуулиа сахин биелүүлэхээс шууд хамааралтай. Энэ  зарчим алдагдсанаас албан тушаалын болон авлига, хүн худалдаалах гэмт хэрэг, үйлчилгээний хүнд суртал бий болох нөхцөл бүрдэж, иргэний эрх зөрчигдөх, төрийн албаны нэр хүнд унах зэрэг шалтгаан нөхцөл бий болж байдаг. Иймээс гэмт хэрэг, үйлчилгээний хүнд суртал үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа зарим нөхцөл, боломжийг таслан зогсоох зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Азийн сан хооронд санамж бичиг байгуулан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийх үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөг баталсан аж. Уг төлөвлөгөө нь Улсын бүртгэлийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, авлига, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүнд суртал, үйлчилгээний ачааллыг багасгах, авлига үүсэх нөхцлийг таслан зогсоох, албан хаагч, иргэдэд авлига, хүн худалдаалах гэмт хэргийн талаар сурталчлах, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх гэсэн 4 үндсэн зорилтын хүрээнд 10 гаруй  үйл ажиллагааг авч хэрэгжүүлээд байна. Тухайлбал гадаадад зорчих эрхийн бүртгэлийн болон Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээний  танхимд дугаарлалтын системийг байрлуулж үйлчилгээний танхим дахь дарааллыг зохицуулж байна. Ийнхүү дугаарлалтын систем суурилуулснаар үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн, иргэдэд чирэгдэлгүй  үйлчлэхэд нэг чухал алхам болоод байна. Мөн улсын бүртгэгч  өөрийн танил талд үйлчлэн, дараалал  дугааргүй үйлчлэх боломжийг хаагаад байна. Мөн Хуулийн этгээд, Эд хөрөнгийн бүртгэл, Иргэний баримтын архивийн үйлчилгээний танхимд нийт 9-н цахим дэлгэц, үйлчилгээний ачааллыг хянах, гэмт хэрэг, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор 12 ширхэг хяналтын камер,  3 танхимийн  30 цонхонд үнэлгээний систем зэргийг суурилуулсан. Ийн суурилуулсанаар иргэд үйлчилгээний ажилтан, улсын бүртгэгчээс мэдээлэл авдаг байсныг цахим дэлгэцээр бүртгэлийн үйлчилгээний болон бэлэн болсон гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагааны талаарх мэдээллийг шуурхай авч байгаагийн үр дүнд улсын бүртгэгчийн ажлын ачаалал 10-15 хувь буурч, үйлчилгээний улсын бүртгэгчийн үйлчилгээнд  иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлоход нэг чухал хүчин зүйл болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой хэмээн УБЕГ-аас мэдээлж байна.      
Shuud.mn
Сонин хачин