Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах хуулийн төсөл батлагдлаа
2013-04-19

  УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 56.8 хувийн ирцтэй эхэллээ. УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсны дараа гишүүн М.Зоригт цаг үеийн олон асуудал хүлээгдэж байгаа учраас МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас авсан завсарлагаа эргэн харж өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж болохгүй юу гэдгийг тодруулахыг хүслээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд ахлагч С.Бямбацогт хэлэхдээ, МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцүүлж байх явцад зайлшгүй нягталж тодруулах зарим шинэ нөхцөл байдал үүссэн тул завсарлага авахаар болсон. Тиймээс үүссэн нөхцөл байдлыг тодруулж нягтлах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах нь зүйтэй гэж үзсэн тухай албан бичгийг УИХ-ын даргад өчигдөр гардуулж өгсөн гэлээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-аас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан энэ хуулийн 4.7-д “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн заасан байсан. Харин Засгийн газраас хуулийн энэ заалтыг “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулах төсөл санаачилсныг чуулганаар хэлэлцээд хуулийн төслийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байв. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг гишүүн Д.Ганбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Нямдорж улс орны эдийн засгийн амьдрал хүнд байгаа үед амин чухал асуудал хэлэлцэж байхад салбарын сайд, дэд сайд нь байхгүй байгаад шүүмжлэлтэй хандсан бол гишүүн Ц.Цолмон, Г.Уянга нар төсөлд “төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой” гэж өмчийн хэлбэрээр ялгаад байгаа нь лобби юм биш үү гэдгийг тодруулав. Энэ талаар байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Төрийн өмчийн оролцоог огт байхгүй болгох гэсэн юм биш, зохих хязгаар тавьж байгаа юм” гэсэн бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Хөрөнгө оруулалт буураад байгаа ерөнхий нөхцөл дээр гол хүчин зүйлийн нэг нь энэ хууль юм. Хуучин хуульд огт байгаагүй заалтыг оруулж байгаа юм биш, хуулийн заалтыг түр зуур сулруулж өөрчлөн найруулж байгаа юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өргөн баригдах үеэр энэ асуудлыг эргэж харж болох юм” гэсэн хариулт өгөв. Үүгээр асуулт дуусч хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжиж хуулийн төсөл батлагдлаа. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
"Хөрөнгө оруулалт" гэж "Уул уурхайн хөрөнгө" оруулалтыг хэлдэг гэж Сайханбилэг ойлгодог юм байна. Эдийн засаг ямар "Бүтэцтэй байх ёстойг" ойлгохгүй хүн энэ хуулийг яагаад өргөн барьсан юм бол.
2013-04-19
Зочин:
"Хөрөнгө оруулалт" гэж "Уул уурхайн хөрөнгө" оруулалтыг хэлдэг гэж Сайханбилэг ойлгодог юм байна. Эдийн засаг ямар "Бүтэцтэйг" ойлгохгүй хүн энэ хуулийг яагаад өргөн барьсан юм бол.
2013-04-19