Монголд футзалын ордон шинээр нээгдэв
2011-11-12

Монгол Улсын  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Монголын фүүтзалны ордны нээлтийн ёслолд оролцлоо. Нээлтийн ёслолд  Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн  Д.Одбаяр, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Зан Жилон, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Куала Лумпур дахь бүсийн захирал Домека Гараменди нар болон манай улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айлчилж буй Италийн алдарт “Интер” багийн төлөөлөл  оролцлоо. Тууз хайчилж, туг залах ёслол болсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Тэрээр “ Өнөөдөр сайхан өдөр болж байна.  Би  хөлбөмбөгийн спортын шүтэн бишрэгч. UEFA, Пример Лиг-ийн тоглолтуудыг шөнө хэдэн цагт ч таарсан хамаагүй үздэг. Над шиг хөлбөмбөгийн хорхойтнууд, монголын үе үеийн тамирчид  өнөөдөр энд цугларчээ. Та бүхэнд хандаж хэлэхэд хүүхдүүдээ хөлбөмбөг тоглохыг нь дэмжээрэй. Сургууль, хамт олон, төрийн , төрийн бус байгууллагын хэн ч бай хамтдаа хөлбөмбөг  тоглоцгоогоорой. Монгол хүүхэд бөх барилдаж, морь унаж өсдөг. Мөн бас хөлбөмбөг тоглож өсөөсэй гэж хүсч байна. Ингэвэл монгол хүнийг хүмүүжүүлдэг спорт тулгын гурван чулуу шиг болох юм. Монголчууд хийморьтой золбоотой ард түмэн учраас энэхүү хийморьлог спортоор амжилт гаргана гэдэгт итгэж байна. Дэлхий даяар хамгийн олон шүтэн бишрэгчтэй спорт болох хөлбөмбөг монголд улам бүр хөгжиж байна. Өнөөдрийн энэхүү шинэ ордон  олон багачууд, залуучуудад хөлбөмбөгөөр хичээллэх, амжилт гаргах урам зоригийг нэмэх нь дамжиггүй. Саяхан би Итали Улсад айлчлах үеэрээ  хөлбөмбөгийн алдарт “Интер” багт зочилж, тус багийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг монголд хэрэгжүүлэх талаар ярилцаж тохирсон. Энэ яриа тохироо ажил хэрэг болох эхлэл тавигдаж, өнөөдөр манай улсад тус клубын удирдлага, төлөөлөл хүрэлцэн ирээд  байгаад бид баяртай байна. Өнөөдөр бид Дэлхийн хөлбөмбөгийн холбооны болон “Интер” багийн удирдлагуудтай Ерөнхийлөгчийн ивээл дор хөлбөмбөгийн академи байгуулах талаар ярилцлаа. Удахгүй 8-13 насны хүүхдүүд мэргэжлийн тамирчин болохоор бэлтгэгддэг академи монголд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ оны эхээр Цюрих хотноо Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч ноён З.Блаттертай бидний гарын үсэг зурсан “Мөрөөдлийн гэрээ” биелнэ гэдэгт би итгэлтэй байна. Эрх чөлөө, эр зоригийн орон болсон Монгол Улс хэзээ нэг цагт дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахыг бид хамтдаа мөрөөдье” гэлээ. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цюрих хотноо энэ оны 1-р сарын 26-нд Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын гарын үсэг зурсан “Мөрөөдлийн гэрээ”-г Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Д.Ганболдод хадгалууллаа. 2035 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2050 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг монголд зохион байгуулахыг монголчууд мөрөөдөж байгааг энэхүү гэрээгээр бататгасан юм. Монголын хөлмбөгийн холбоо, Дэлхийн хөлбөмбөгийн холбоо –FIFA-ийн дэмжлэгтэйгээр энэхүү ордныг барьсан бөгөөд хөлбөмбөгийн битүү талбайн олон улсын стандартын дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос монголд хэрэгжүүлж буй “Goal” төсөл амжилттай үргэлжилж байгаагийн нэг илрэл нь энэхүү шинээр ашиглалтад орж байгаа фүүтзал болж байна гэдгийг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албаны хүмүүс хэлж байв. Ёслолын ажиллагааны үеэр хөлбөмбөгөөр хичээллэж байгаа хүүхэд багачуудын үзүүлэх тоглолт боллоо.  
Shuud.mn
Сонин хачин
shaa shaa sda
2011-11-13
ingeed neg haaya saihan ajil hiih umda ene toriin tomchuud.dandaa ingeed zob saihan um hiiigeed bval yalaa gej ta nariig muulaad bh ve de.songuuliin ch hereggui songood l bna sh de. huuhed zaluuchuud choloot tsagaa zob ongorooh neg saihan ajil bolson bna. medeej ene sportoor mongolchuud maani delhiid neree gargah bhaa
2011-11-13
bayr hurgie MFF doo
2011-11-12
saixan medee bn mongol.n xul bumbug delxiid tanigdax tsag irex boltugai 1t
2011-11-12