Дэлхийн хэлийг сурч байж дэлхийн хөгжлийг гүйцнэ
2013-04-19

                                          

Хятадын нэгэн мужид 90 настай эмээ ач, гуч нартайгаа хамт нэгдүгээр ангид суралцан бичиг үсэгт тайлагдсан тухай мэдээг дэлхийн хэвлэлийн агентлагууд сонин болгон дамжуулж байсан удаатай. Монголд ч гэсэн дээр өгүүлснээс дутахгүй өндөр настай буурлууд эрдмийн ширээний ард сууж байна. Гэхдээ тэд бичиг үсэгт тайлагдахын тулд бус гадаад хэл сурахаар ийнхүү номын дуу сонсч байгаа юм. Тухайлбал, 76 настай эмээ англи хэл сурахаар нэгэн сургалтын төвд хандсан тохиолдол бий гэнэ. Тус сургалтын төвийнхөн хамгийн өндөр настай суралцагчийнхаа сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөн хүндэтгэл үзүүлсэн байна. Түүнчлэн 72 настай геологич өвөө ажлын шаардлагаар англи хэл сурахаар сургалтын төвд ханджээ. Энэ мэт тохиолдол сүүлийн үед олширсон байна. Тэтгэврийн насны ахмад буурлууд ийнхүү англи хэл сурахаар шамдаж байхад оюутан, сурагчид, идэр залуус, ид дунд насныхны хувьд ярилтгүй биз ээ. Монголчуудын хувьд найман настай балчраас эхлээд 80 настай буурал хүртэл англи хэл сурах хүсэл сонирхолтой болсныг эндээс харж болно.

.

Магадгүй хүсэл сонирхол гэхээсээ илүү англи хэлээр ярих хэрэгцээ, шаардлага амьдралаас урган гарч байгаагийнх гэвэл илүү онох байх. Хамгийн наад зах нь монголчуудын интернэтийн хэрэглээ сүүлийн жилүүдэд асар өргөжиж байгаа. Хүн бүр шахуу гар утас, IPad-наасаа, зөөврийн болон суурин компьютерээсээ интернэтэд холбогдож хэрэгцээтэй мэдээллээ авах боломж нээлттэй. Гэтэл дэлхий даяар цацагдаж буй интернэт мэдээллийн 70 хувь нь англи хэл дээр байдаг. Англи хэл мэдэхгүй хүн интернэт ертөнцөд аялна гэдэг тас харанхуйд нүдээ аниад тэмтчихтэй л адил. Англи хэлний анхдагч хэрэгцээ энэ.

.

Түүнчлэн гадаадын их, дээд сургуулиудад суралцъя гэвэл англи хэлгүй бол санасны гарз. Дэлхийн шилдэг 500 гаруй их, дээд сургууль англи хэлээр хичээлээ заадаг гэсэн тооцоо бий. Бизнесмэн хүн гадаад түнштэй болъё гэвэл, эсвэл гадаадад үйл ажиллагаагаа өргөжүүлье гэвэл англи хэлийг сурахаас өөр аргагүй. Олон улсын түвшинд хийгдэж байгаа бизнес, хамтын ажиллагааны гэрээ, албан хэлэлцээр зэргийн дийлэнх нь англи хэл дээр байдаг. Түүнчлэн дэлхийн эрдэмтэд, судлаачдын гуравны нэг нь англи хэлээр эрдэм шинжилгээний ажлаа бичиж, бүтээлээ туурвиж байна.

 .

Тэгэхээр англи хэлгүйгээр хувь хүний хөгжил төдийгүй, улс орны хөгжил ч урагшлахгүй болсон гэж хэлэхэд болох юм. Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч нь Оюутолгой биш оюунт толгой гэдэгт хүн бүр санал нэгддэг. Тэгвэл тэрхүү оюунт толгой англи хэлгүйгээр орчин цагийн эрдэм мэдлэг, дэлхий нийтийн мэдээ, мэдээллийг олж авах аргагүй.

 .

Чухам англи хэлний мэдлэг нь гологдсоноос болоод эрдэм чадалтай монгол инженерүүд гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компани, аж ахуйн нэгж, уурхайд гадаадын хар бор ажилчдаас хэдэн арав дахин бага цалин авч байгаа нь нэгийг хэлээд байх шиг.

.

Уул уурхай том төслийн удирдах нэгжийн цай зөөгч гадаад эмэгтэй тэнд ажилладаг монгол мэргэжилтнээс дөрөв дахин их буюу дундаж орлоготой монгол хүний хагас жилийн цалинг нэг сард халаасладаг гэсэн мэдээлэл бий. Хэрвээ монгол инженерүүд хэлний мэдлэгээрээ  хаана ч, хэнд ч гологдохооргүй байсан бол тэр хэрээр оюуны нь үнэлгээ нэмэгдэж, монгол хүний үнэлэмж өндөрсөх байлаа.

 .

Монголчууд 1990-ээд оноос хойш англи хэлийг эрчимтэй сурч эхэлсэн. Тэр үеэс ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт англи хэлийг оруулж, төр засгийн зүгээс англи хэлний боловсролд анхаарч, төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсээр ирсэн.

.

Харамсалтай нь монголчуудын англи хэлний боловсрол нийгэм, эдийн засгийнхаа хөгжлийн хурдыг гүйцэхгүй байгаа нь гашуун үнэн. Англи хэлийг эх хэл шигээ эзэмшин гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, дэлхийд алдартай компани, корпорациудад нэр төртэй өндөр алба хашиж байгаа монгол залуус цөөнгүй бий. Эх орондоо ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн дотор ч англи хэлний өндөр боловсролтой залуус олон байгааг үгүйсгэхгүй.

.

Гэхдээ л том хүрээгээр нь харах  юм бол монголчуудын англи хэлний мэдлэг, боловсрол үнэхээр өнөөгийн цаг үеэсээ хэдэн арван жилээр хоцорч явна. Тиймээс монгол залуус дэлхийн зах зээл дээрх тэгш боломжийг хүртэж чадахгүй байна. Монголын бизнесмэнүүд хилийн чинадад хөл тавихад англи хэл мэддэггүй нь тэдний хамгийн том бэрхшээл болж байна.

 .

Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр эдийн засаг тэлж, монголчууд ажлын байраар хангагдах ёстой атал англи хэл мэдэхгүйгээсээ болоод тэр боломжийг алдаж байна. Англи хэлгүй л бол ямар ч мэргэжил, боловсролтой байсан гадаад, дотоодын томоохон компаниудын хаалга таны өмнө хаалттай. Нэг ёсондоо англи хэл мэдэхгүй байна гэдэг хөгжлийн бэрхшээлтэйгээс ялгаагүй болжээ.

Бүр түүнээс ч дор байж мэдэхээр тохиолдол ч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд англи хэлийг төгс эзэмшин олон улсын байгууллагад нэр хүндтэй алба хашиж байхад дээд боловсролтой монгол залуу англи хэлгүйгээсээ болоод ажилгүйчүүдийн эгнээнд таваргаж яваа жишээ бэлээхэн бий.

 .

Ингээд бодохоор англи хэл мэдэхгүй байна гэдэг ёстой л “ичмээр дамшиг” болжээ. Монголчууд бид дэлхий нийттэй хөл нийлүүлье гэвэл англи хэлний мэдлэгээ сайжруулахад анхаарах цаг болжээ. Дэлхийн түвшний шалгалт, шалгуур, үнэлэмж ч Монголд ороод ирчихэж. Гагцхүү түүнд тэнцэхүйц хэмжээнд дэлхийн хэлийг эзэмшсэн, эрдэм боловсролтой монгол хүн олон болох юм бол улс орны үсрэнгүй хөгжил уул уурхайд биш ухаант толгойд байна даа.

 .

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
гол нь:
техник технологийг мартсан байна
2013-04-21
АНГЛИ ХЭЛНИЙ ҮНЭГҮЙ ГАЙД ХӨТӨЧ ХИЙНЭ.:
АНГЛИ ХЭЛНИЙ ҮНЭГҮЙ ГАЙД ХӨТӨЧ ХИЙНЭ... 959-688-05
2013-04-20
Hunnu:
Yostoi unen shuu!!
2013-04-19