Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хоёр тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
2013-04-25

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё”сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн яамнаас дугуй ширээний уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайхан болон салбарын үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг нээж Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг хэлсэн үгэндээ “Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаархи хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт бодит нөхцөл байдал болон янз бүрийн бусад шалтгааны улмаас учир дутагдалтай, түүнд тавих хяналт сул, тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох бусад эрхүүдийн оролцоо хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах олон нийтийн хандлага зөв төлөвшөөгүй тэдэнтэй ажиллах боловсон хүчний нөөц, чадавхи дутмаг байгаа, дэд бүтэц, гадаад орчны зориулалтын нөхцөл бүрдээгүй зэрэг асуудлууд ажиглагдаж байна. Сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн яамнаас бүхнийг хүлээн авч уулзан, санал бодлыг сонсох, харилцан ярилцах, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү уулзалт ярилцлагаар бид бие биеэ сонсож, харилцан чөлөөтэй санаа бодлоо илэрхийлж, нэгдсэн нэг ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аян нь ХАХНХЯ-аас  зохион байгуулах “Хүн амын хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулах ажлын хүрээнд хүн амын бүлэг тус бүрээр үндэсний чуулган, зөвлөгөөн, бусад олон талт арга хэмжээнийнэг хэсэг юм. Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ЖДҮ-ийн зээл болон Хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэгийн талаар нээлттэй ярилцаж, эдгээр иргэдийн хувьд ажил хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудыг төр засгаас цогцоор нь шийдэж өгөх шаардлага тулгараад байгааг онцолж байлаа.

Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бизнес төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулж үнэлгээг өгч, санхүүжилтыг олгоод байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ииг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж 34 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулж санхүүжилтийг олгожээ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зарласан хөгжлийн бэрхшээлтэй иргэний бизнес төслийн 2012 оны шалгаруулалтад  21 аймаг, 9 дүүрэгт нийт 1256 төсөл шалгаруулж 1.668.600.000 төгрөгийн санхүүжилт олгон, 2688 ажлын байр бий болсноос 1456 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон тоо баримт байна.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2012 оны 5 сарын 29-ны өдөр баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж 33 төрийн бус байгууллага,  аж ахуйн нэгжид 759395 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хоёр үе шаттай олгоод байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр” нь Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэг, Баянхонгор, Төв, Архангай аймгуудад хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд авч буй тайлан мэдээгээр 133 иргэн ажлын байртай болсоноос 114 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын ажлын байртай болсон байна. Нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2012 оны арванхоёрдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тусгасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан юм.

Н.Бүжин

 
Shuud.mn
Сонин хачин