Д.Нямжав:Өнөөдөр 150 гаруй орны туг далбааг мандуулна
2013-04-25

Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирал Д.Нямжавтай ярилцлаа.

-Ардчилсан орнуудын томоохон чуулган Монголд болох  гэж байна. Төр, засгийн үйлчилгээний бэлтгэл ажил хэрэг хангагдаж байна вэ? -Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод  дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг зохион байгуулах гэж байна. Монгол улсад өмнө нь  томоохон хурал зөвлөгөөн болдог байсан. Гэхдээ энэ удаагийн хурал бол үнэхээр онцгой ач холбогдолтой, маш олон хүндтэй зочид ирэхээрээ онцлог юм. Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын   өгсөн үүргийн дагуу Төр, Засгийн үйлчилгээ эрхлэх газраас  ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргаж   хоёр сарын хугацаанд шургуу ажиллалаа. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан  гэж хэлж болно. Харин өндөр хэмжээний зочид, төлөөлөгчдөд үйлчлэх  үйлчилгээг дээд зэргийн түвшинд зохион байгуулж,  ая тухтай байлгахад анхаарч ажиллаж байна. Төрийн Ордны засвар, тохижилтын ажлыг сар гаруй хугацаанд хийж дуусгасан байгаа.  Төлөвлөгөөнд  50 гаруй ажлыг хийхээр тусгаснаа бүгдийг хэрэгжүүлээд байна даа.

-Онцолж дурдвал? -Тэр бүрийг тоочоод яахав. Томоохон ажлуудаас нь дурдая. Шинэчлэлийн Засгийн газар Төрийн ордоныг иргэдэд нээлттэй болгох шийдвэр  гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Иргэд төрийнхөө ордонд тодорхой цагийн хуваарийн дагуу Чингис хааны хөшөө талаас чөлөөтэй нэвтэрч, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд саад учруулалгүй Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр, иргэний харилцааны талаарх баримтыг сонирхон, их хааныхаа хөшөөнд мөргөж, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн зургаа татуулж байна.  Иргэдийг Төрийн ордонд нэвтрүүлэх үед ямар нэгэн бичиг баримт, төлбөр  шаарддаггүй. Төрийн ордоныг олон нийтэд нээлттэй болгох нь иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, түүх, соёлоо дээдлэн хүндлэх, гадаадын жуулчдад улсынхаа төрт ёс, төрийн түүх, үндэсний зан заншлыг таниулахад чухал ач холбогдолтой гэж үзэн Засгийн газраас ийм шийдвэр гаргасан. Монгол улсын Төрийн ордон нээлттэй болсноор  өдөрт 300-1000 хүн  орж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд  Төрийн ордонд орж  сонирхох гэхээр хүндрэлтэй асуудал тулгарч байгаа. Манай улс  хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмтэй.Тиймээс иргэдээ ялгаварлан гадуурхах учиргүй. Энэ үүднээс Төрийн ордонд  хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй нэвтрэх боломжийг олгохоор зориулалтын шат, замыг хийхээр төр засгаас шийдвэрлэж тодорхой хөрөнгийг тусгаж өгсөн. Эхний ээлжинд Төрийн ордон руу ордог  гурван гол хаалган дээр мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орох замыг бий болгоод байна. Ордонд орж ирээд явах замыг ч гаргасан байгаа. Мөн Төрийн ордны баруун, зүүн жигүүрийн хоёр ариун цэврийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бие засах өрөөг хийсэн. Эдгээр арга хэмжээ нь иргэдээ ялгаварлалгүй, хүндэтгэж байгаа  Монгол төрийн бодлого гэж хэлж болох юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан одоогоор гурван гол хаалган дээр зам хийжээ. Ирэх зун Чингис хааны хөшөө талаас ордог хаалган дээр зориулалтын шат хийх гэж байгаа юм уу? -Төрийн  ордны музей байдаг том танхимын дээврээс  ус гоождог учраас  5-6 жил ажиллаж чадахгүй байгаа.   Харин энэ зун засвар хийж таазнаас нь ус гоождоггүй болгоно. Энэ ажилтай хамтатгаад  урд талын өндөр шатандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан тусгай зам, шат гаргахаар төлөвлөсөн байгаа.

-Танай байгууллагын хамт олон 150 гаруй орны туг далбааг өөрсдөө оёж, хийсэн гэл үү? -Төрийн туг, далбааны стандарт гэж бий. Гадаадын болон дотоодын томоохон  арга хэмжээ болоход Монгол төрийнхөө туг далбааг даавуугаар голдуу гараараа оёдог байсан юм.  Харин энэ удаад  автомат  техник тоног төхөөрөмжтэй болсон. 4х2 –ийн өргөнтэй, стандартыг хангасан даавуун дээр төрийн далбаагаа хийх бүрэн боломжтой болсон л доо. Үүнийгээ ашиглаад  Монгол төрийнхөө далбаа болон хуралд оролцож байгаа бүх гишүүн орнуудын далбааг үйлдвэрлэлээ.  Хэдийгээр манай үйлдвэр жижигхэн ч гэлээ ч боловсон хүчнээ сайн бэлтгэсэн учраас богино хугацаанд 150 гаруй орны туг далбааг даавуун дээр 3 х 1,5 метрийн өргөнтэй хийж бэлэн болгосон байгаа.  4 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны гадна  мандуулна.  Энэ  бол манай хамт олны хийсэн  томоохон ажлуудын нэг төдийгүй бас бахархах  зүйл  гэж бодож байна.

-Үйлчлэгч нар цонхоо угаагаад, хивсээ цэвэрлээд, зав чөлөөгүй ажиллацгааж байх шиг байна? -Монгол төрийн нүүр царай болсон Төрийн ордон дээд зэргийн цэвэрхэн, соёлтой, цэвэрч нямбай байх ёстой. Ийм байлгахын төлөө манай хамт олон цаг наргүй хичээж ажилладаг. Зөвхөн энэ хурлыг угтаад цэвэрлэгээ хийгээд байгаа юм биш ээ. Өмнө нь ч байнга үйлчилгээнд онцгойлон анхаарч ирсэн. Харин гадаадын олон зочид төлөөлөгчид ирнэ гээд Төрийн ордны  дээврийн шилэн купол  гэж хэлдэг, шилэн самбарыг ойрын хэдэн жилд угааж амжаагүй  байсныг цэвэрлэлээ. Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт хандаж,  тоног төхөөрөмжийг нь ашиглан дөрөвдүгээр сарын 23-ны өглөөний  10:00 цагаас оройн 10:00 цаг хүртэл угааж цэвэрлэсэн байгаа.  Мөн бид төрийн ордондоо LED дэлгэц суурилуулж байна.  Энэ бол Засгийн газраас мөнгийг нь шийдэж өгсөн том хэмжээний хөрөнгө оруулалт.  Өмнө нь ийм дэлгэц хэрэгтэй болбол түрээсэлж ашигладаг байсан юм. Ингэснээрээ зардлыг бууруулж байгаа. Ганцхан энэ хурлаар ашиглаад орхичихгүй. Цаашид томоохон хурал, зөвлөгөөн болоход хэрэглэнэ. Энэ дэлгэц  Их танхимд тавигдана. Их танхимын дээд талд  орчуулагчийн 12 өрөө байдаг. Таван минут болоод орчуулагч нарын хөлс гоожиж, бүгчимдэж, орчуулга хийхэд хүндрэлтэй байсан. Тиймээс  энэ  асуудлыг  шийдэж 40 гаруй сая төгрөг  зарцуулан   өрөөнүүдэд агааржуулагч тавьсан байгаа. Орох айл үүднээсээ гэдэг дээ. Төрийн ордон руу орох гаднах хаалгууд хуучин автоматаар  хаагдаж, нээгддэг  байсан юм. Харин сүүлийн 7-8 жил автоматаар ажиллахаа больсон байлаа. Үүнийг засч 21 секундэд автоматаар нээгдэж, хаагддаг болгон янзлаад байна.

-Зочин ирлээ, нөгөө халаадаа өмсч, ширээгээ  засаарай гэдэгтэй адил хандаад байгаа юм биш биз дээ? - Монгол Төрийн ордны үйлчилгээ доголдолтой, муу байх ёсгүй. Энэ талаар анхаарч ажиллаж ирсэн.  Ажилдаа эзэн болсон олон хүмүүс энд ажилладаг. Тиймээс байнга л цэвэр цэмцгэр, дэг журамтай байсаар ирсэн шүү дээ. Монголчууд далимдуулна гэдэг дээ. Түүн шиг энэ том арга хэмжээ болох гэж байгааг угтан нэлээд хэдэн  том ажил хийснээ л хэлж байна.  Цаашдаа ч хийх ажил их бий. Төрийн ордны үйлчилгээ улам сайжирч боловсронгуй болж байх учиртай. Манай  үйлчлэгч нар бүгд тусгай сургалтанд хамрагдаж байгаа.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Shuud.mn
Сонин хачин
gamba:
odo irsen yumu
2013-04-26
zochin:
Uuriin orniih ch duurch busad ornii dalbaag buruu zuuj bj aluulav. Japanchuud irehed yalaa Nyamjav aa
2013-04-26
Zochin:
Iim tom ajliig nutagtaa zohioh n bidend ashigtai shu de. Hamgaalalt, hyazgaarlalt hiih n zuv. Bainga ingeh bish ard irged zov oilgoh heregtei. Ene olon tuluugchid irseneer mgl ulsiig surtalchlah neg alham bolno
2013-04-25