Шилдэг татвар төлөгчид тодорлоо
2013-05-13

Жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногийг улс орон даяар Татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн арга хэмжээг “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион явуулж, шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг үндэсний татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ээр урамшуулан шагналаа.

Сангийн яам ба Татварын ерөнхий газраас хамтран тодруулдаг энэхүү шалгаруулалтад татварын нэгдсэн дүнгээс гадна татвар төлөгчдийн хариуцлагатай, үлгэр жишээч байдлыг гол шалгуур болгон үздэг. Аймаг, дүүрэг, нийслэл ба улсын төсвийн орлого, хяналтын газраас тус бүр шилдгүүдээ нэрлэснээр татвар төлөлтөөр бусдыгаа оройлон манлайлсан нийт 92 аж ахуйн нэгж “Хөх дэвтэр” шагналыг гардан авчээ.

Жагсаалтын эхний 5 байранд шалгарсан аж ахуйн нэгжүүд:

  1. Энержи Ресурс ХХК
  2. Болд төмөр Ерөө гол ХХК
  3. Лейтон ХХК
  4. Рэдпаф ХХК
  5. Юнител ХХК

Татварын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга Т.Батмагнай:

-Сангийн яам, Татварын ерөнхий газраас татвар төлөгчдөд олгодог хамгийн дээд шагнал болох “Хөх дэвтэр”-ийг энэ жил 92 татвар төлөгчид олгохоор шалгаруулаад байна. Энэ жилийн хувьд татварын дүнгээс гадна татвар төлөгчийн хариуцлагатай байдал, татвараа цаг хугацаанд нь, үнэн зөв мэдүүлж, ухамсартайгаар төлсөн байдлыг харгалзан үзэж шилдгүүдийг шалгаруулсан.

Иймээс энэхүү 92 татвар төлөгчийн дунд жижиг дунд аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс ч багтан орсон байгаа. Өнгөрсөн 2012 онд ТЕГ эдгээр шилдэг татвар төлөгчдийн тусламжтайгаар 2.5 их наяд төгрөгийг улсын сан хөмрөгт цуглуулсан бол энэ 2013 онд 3.2 их наяд төгрөг цуглуулах зорилт, төлөвлөгөө тавиад ажиллаж байна.

Хэдийгээр энэ жилийн хувьд эдийн засаг, уул уурхайн салбарын нөхцөл байдал хүнд байгаа ч гэлээ 2013 оны 4-р сарын байдлаар татварын орлогын гүйцэтгэл хангалттай түвшинд байгааг мөн дуулгахад таатай байна.

Shuud.mn
Сонин хачин