Нийслэлийн онцгой байдлын газар офицер, ахлагч нараа шагнаж урамшууллаа
2010-12-30

Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 2010 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэлээ. Энэ онд манай байгууллага нийслэлчүүдийг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хамгаалах, хор хохирлыг бууруулах, хойшлуулшгүй сэргээн босгох, нийт алба хаагчдынхаа техникийн осол эндэгдэлгүй ажиллах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нь онцгойлон анхаарч үр бүтээлтэй олон ажлуудыг хийж гүйцэтгэв.

Өнгөрч буй онд НОБГ-ын аврагч, гал сөнөөгчид аюулт үзэгдэл, гал түймэр, техникийн холбогдолтой 2214 дуудлагыг хүлээн авч /үүнээс объектын  гал  түймэр -1707, ой  хээрийн  түймэр-4,  ослын-503/ нийт 1001 хүний амь насыг авран, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын 7.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгааллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газар 2010 онд гамшгаас урьдчилан сэргийлэх  үйл  ажиллагааны үр  нөлөөг  дээшлүүлж, сургалт  сурталчилгааны  ажлыг  эрчимжүүлэх, албан хаагчдынхаа сахилга хариуцлага ёс зүйд тавих  шаардлагыг  өндөржүүлж,  ажил  үүргээ  гүйцэтгэх  ур  чадварыг  дээшлүүлэх, мөн алба хаагчдынхаа ажиллах  нөхцөлийг  сайжруулах  жил  болгох зорилт тавин амжилттай ажиллав.

Тухайлбал, аюулт үзэгдэл болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 1068 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж, нийт 51,853 хүнийг хамруулсан байна.    Мөн алба хаагчдынхаа нийгмийн  асуудалд онцгой анхаарч 5 хүнийг өргөө цагаан гэртэй болгож,  14 албан хаагчийг “4000” айлын  орон  сууцны  хөтөлбөрт хамруулав.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаал, шийдвэр, холбогдох хууль дүрэм, дотоод журмыг үндэслэн  22457.7 мянган төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгож, Налайх  дүүргийн ХААН банктай тохиролцож цалингийн зээлийн хүү 2,1 хувь байсныг 1,5 хувь хүртэл бууруулж, нийт 4 албан хаагчийг  цалингийн зээлд хамрууллаа.

Мөн нийслэлийн хэмжээнд тохиолдож болзошгүй газар хөдлөлт, гал түймэр, үер усны аюул, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин, цацраг химийн бодис, тарваган тахал, шувууны ньюкаслийн өвчин болон учирч болзошгүй эрсдлээс ард иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс зохион байгуулалтын ажлуудыг цаг тухайд нь шуурхай хэрэгжүүлж  ажиллав.     Ялангуяа мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг нийслэлд зөөвөрлөгдөн орохоос 100% урьдчилан сэргийлж чадаж, вакцинжуулалтын ажлыг  хийж гүйцэтгэлээ. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд ихээхэн идэвхтэй оролцсон юм.

Өнөөдөр МҮЭСТО-нд болсон 2010 оны үйл ажиллагааны тайлангийн хурлын үеэр мэргэжлийн ур чадвар, идэвх зүтгэл гаргаж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн офицер, ахлагч нарыг шагнаж урамшууллаа.

Байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах байцаагч дээд дэслэгч Довчингийн Мөнхбатыг,  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч тэргүүн түрүүч Батжаргалын Энхбаатарыг, харин “Ажил мэргэжлийн аварга”-аар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нярав-багны засварчин дээд түрүүч Чукагийн Самбуу, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал сөнөөгч дээд түрүүч Долгорсүрэнгийн Тэмүүжин нарыг өнөөдөр шагнаж урамшууллаа.

Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар Монгол Улсын Спортын мастер цолоор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах, гал унтраах 10 дугаар ангийн салааны захирагч шадар дэслэгч Гантулгын Цэнгэлхүү, мөн ангийн гал сөнөөгч дээд түрүүч Даянбуугийн Эрдэнэчимэг, тасгийн дарга, дээд түрүүч Андрейн Даваахүү, гал сөнөөгч дээд түрүүч Хуягийн Отгонбатыг, Спортын дэд мастер цолоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийн салааны захирагчийн туслах дээд түрүүч Гомбогаравын Эрдэнэсүхийг, Улсын шүүгч цолоор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийн дарга дээд түрүүч Наран-Очирын Лхавгацэдэнг шагнаж, шагналыг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, комиссар Х.Батбилэг болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.

Ийнхүү нийслэлчүүдийг амгалан тайван, аюул осолгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө амаргүй бөгөөд онцгой албыг хашдаг алба хаагчдад он солигдохын өмнөхөн шагналын хур бууж Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр 3,  “Онц гал сөнөөгч” тэмдгээр 10, ОБЕГ-ын жуух бичгээр 2, ОБЕГ-ын баярын бичгээр 2, ОБЕГ-ын сайшаалын үнэмлэхээр  6, “Хөдөлмөрийн аварга” 2, байгууллагын “Ажил мэргэжлийн аварга” 2, спортын мастер цолоор 4, дэд мастер цолоор 1, шүүгчээр 1, БНХАУ-д амрах эрхийн бичгээр 13 , нийт 46 хүнийг шагнаж урамшууллаа.

Харин 2010 онд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан хэлтсүүдийг үндсэн найман үзүүлэлтээр дүгнэхэд тэргүүн байрыг  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хоёрдугаар байрыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарсан байна.

Shuud.mn
Сонин хачин