Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх эрх зүйн орчинг сайжруулна
2013-05-16

  Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулав. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2006 онд батлагдсан бөгөөд уг хуулиар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх зохицуулалтыг хийжээ. Харин Засгийн газраас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Эрүүгийн багц хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага урган гарч байгаа аж. Хуулийн төсөл санаачлагч сайд Х.Тэмүүжин танилцуулгадаа, Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болж байна. Манай улсад хэдийгээр террорист үйл ажиллагаа болж байгаагүй ч террорист байгууллагад гишүүнээр элсэх, терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгтэй аливаа хэлбэрээр холбоотой тохиолдлууд гарахыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн НҮБ болон Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын гишүүн орны хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг нь улам өргөн хүрээтэй болж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2001 оны 1267, 1373 дугаар шийдвэрээр терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, террорист байгууллага болон террорист үйл ажиллагааг дэмжих зорилгоор эд хөрөнгө хуримтлуулах, шилжүүлэх үйлдлийг хүнд гэмт хэрэгт тооцон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа даалгасан. 2011 оноос ФАТФ нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж тодорхой зөвлөмжүүдийг өгсөн бөгөөд 2013 оны 6 дугаар сарын дотор Монгол Улс дотоодын хууль тогтоомжоо уг зөвлөмжүүдэд нийцүүлээгүй тохиолдолд манай улсыг ФАТФ-тай хамтран ажилладаггүй улс орнуудын тоонд буюу хар жагсаалтад оруулахаар болсон. Иймээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхой болгох, нэр томьёог жигдлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгээ дурдав. Нийтдээ 4 бүлэг, 23 зүйлтэй уг хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг бусад орны туршлага, олон улсын байгууллагын зөвлөмж, саналыг үндэслэн шинээр томьёолж оруулсан, дотоодын банк, бусад санхүүгийн байгууллагуудаас гадаад орны банк санхүүгийн байгууллагатай санхүүгийн харилцаа тогтоохоос өмнө мэдээллийг нягтлах, санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагч, шинжээчийг улсын ерөнхий байцаагч болон байцаагчийн эрх олгох, санхүүгийн мэдээллийн албаны чиг үүргийг нэмж тодорхойлох талаарх зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг гарч болзошгүй талаар мэдээлэх үүрэгтэй байгууллагууд илт үндэслэлгүй, хэвийн бус их мөнгөн дүнтэй, улс төрийн нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийгдсэн, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх талаарх хяналт хангалтгүй улс орноор дамжуулан хийгдэж буй гүйлгээнд тусгай хяналт тавих, харилцагчийн талаарх баримт, материалыг хадгалах, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд тухайн дансанд хяналт тавих, гүйлгээг түр зогсоох, хөрөнгө битүүмжлэх талаарх зохицуулалтыг суулгаж өгсөн гэдгээ танилцуулсан юм. Хуулийн төсөл батлагдсанаар гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг гүйлгээнд оруулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн систем дэх найдвартай, тогтвортой ажиллагаа дээшилнэ. Уул уурхай, түүнийг дагасан эрчимтэй хөгжил, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаж үүсэх сөрөг үр дагаврын нэг болж болзошгүй мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн НҮБ, ФАТФ зэрэг Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын зүгээс тавих хяналтыг эрсдэлгүй туулж, олон улсын банк санхүүгийн салбарт Монгол Улсын нэр хүнд дээшилнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдан хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлахад гишүүн С.Одонтуяа хуулийн төсөлд заасан 20 сая төгрөгийн гүйлгээ хийсэн хүн болгоныг шалгах уу, гүйлгээнд ямар нэг саатал гарах эсэхийг тодруулахад сайд Х.Тэмүүжин тухайн банкаар байнга үйлчлүүлдэггүй этгээдийн эрсдэлтэй гэж үзсэн гүйлгээнд мөнгөний дүнг харгалзан аль эх үүсвэрээс хаашаа орж буйд нь хяналт тавих юм. Гүйлгээ саатах, удаашрах явдал гарахгүй, энгийн гүйлгээг нягтлаад явна, харин зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзсэн гүйлгээнд л хяналт тавих юм гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн З.Баянсэлэнгэ яагаад заавал 20 сая гэж заах болсон, тэр хэмжээнд хүрээгүй атлаа 24 цагийн дотор хийсэн гүйлгээ болгоныг хамруулах эсэхийг асуухад сайд “Хуулийн төсөлд заасан 20 сая төгрөг гэдэг нь олон улсын хэмжээнд мөрдөж байгаа жижиг стандарт. Давтан гүйлгээнд шалгах үндэслэлтэй гэж үзсэн гүйлгээг л хамруулна” гэдгийг хэллээ. Харин гишүүн Ц.Оюунбаатар сүүлийн жилүүдэд гаднаас мөнгө угаах чиглэлээр баримт илрээд байгаа эсэх, улс төрийн намуудын санхүүжилт, лицензийн наймааг энд хамааруулж болох эсэхийг тодруулахад Х.Тэмүүжин сайд “Мөнгө угаах үйл ажиллагаа гадна, дотоод гэхгүй хамаарна. Гаднаас мөнгө угаах гэсэн хандлага нэг биш удаа илэрч байсан. Харамсалтай нь өмнөх хуулиар энэ төрлийн гэмт хэргийг хянан шалгах, үндэслэл муутай гүйлгээнд хяналт тавих зохицуулалт хязгаарлагдмал байсан. Ер нь мөнгө угаах, хар тамхи, хүн худалдаалах, албан тушаалын наймаа, авлига зэрэг хууль бус аргаар орлого олчихоод хууль ёсны юм шиг болгох аливаа оролдлогыг таслан зогсоох, түүнтэй тэмцэхэд энэ хууль чиглэгдэж байгаа” гэсэн хариулт өгөв. Ажлын хэсгийн гишүүн, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр “Монголбанк сэжигтэй бэлэн мөнгөний гүйлгээг нэгтгэх ажил хийж байгаа. 2008-2013 оны хооронд сэжиг бүхий гүйлгээний талаар дотоодын байгууллагаас 1148 мэдээлэл, хүсэлт ирүүлснээс 190 мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн” гэсэн хариулт өгөв. Мөн Л.Энх-Амгалан, Д.Дэмбэрэл, Г.Баярсайхан, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар үг хэлсэн гишүүн С.Дэмбэрэл хуулийн төсөл, энэ талаарх бусад орны жишиг, ойлголт, арга хэлбэрийг харьцуулж харахад хуулийн төсөл дутуу дулимаг, амьдралаас тасархай болсныг анхаарах, гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл нар манай улс хар дансанд ороход тулчихсан энэ үед хуулийг яаралтай батлаад бусад хуульдаа өөрчлөлт оруулах замаар сайжруулаад явах боломжтой, гишүүн Р.Амаржаргал улс орны дотоод, гадаад нөхцөл байдлыг сайн анхаарч нухацтай хандах, гишүүн Ц.Даваасүрэн гүйлгээний мөнгөн дүн, тоогоор хязгаарлах явдлыг дахин сайн нягтлахгүй бол банкаар хийх гүйлгээ багасч далд хэлбэр ихсэх аюултайг анхаарах, гишүүн Ц.Нямдорж хуулийг энэ хэвээр нь батлах юм бол банкны нууц гэх юмгүй болж, олон байгууллага оролцдог болох нь ээ, иймээс хэлэлцүүлгийн шатанд ихээхэн ажил хэрэгч хандаж эдийн засагт хохиролтой заалтуудыг авч хаях хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 39 нь буюу 72.2 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин