Ээж ээ, хүү нь мөдхөн таныгаа өргөнө өө...
2013-05-24

  ... Ээж ээ, хүү нь мөдхөн таныгаа өргөнө өө... гэж Б.Энхбат үргэлж бодож, өглөө мандах нар бүрт өнөөдөр залуу хүн шиг гялалзаж, эр хүн шиг зүтгэнэ гэж тэмүүлдэг. Тэр 17 настайгаа ажлыг хар бор, хүнд хүчир гэлгүй хийсээр өдийг хүрсэн. Б.Энхбат Төмөр замын ЗЗМС-ийн Гүүрийн хоолойн бригадын анхны замчдын нэг. 17 настайгаасаа тэнд ажиллаж, ээж дүү нараа өргөж явсан эр. Гэвч гай зовлон хэлж ирэх биш дээ.

"Хүү минь аавыгаа өөд болсноос хойш гурван дүүгээ хүний зэрэгт хүргэхийн төлөө хар багаасаа ЗЗМС-д замчнаар ажилласан. Одоо л бид сайхан амьдрах нь дээ гэтэл аюулт өвчинд нэрвэгдчихлээ" гэж түүний ээж Г.Алтангэрэл өгүүллээ.

Б.Энхбат одоо 37 настай. Эхнэр ч авч амжаагүй. Түүнд 60 гарсан эх, гурван дүү бий. Бас сайхан хамт олон ч бий. Гэвч түүнийг аюулт өвчин ээрч, сүүлийн хэдэн жилийн турш группт орж, одоо яаралтай Солонгост очиж хагалгаа хийлгэхгүй бол аминд нь хүртэл халтай гэж эмч нар дүгнэсэн юм.

Монголын жирийн л нэгэн айлд харь улсад очиж, 140 сая төгрөгөөр хагалгаа хийлгэх боломж байхгүй тул Б.Энхбатын ар гэрийнхэн элэг нэгт монголчуудаасаа чин сэтгэлийн тусламж эрж байна.

П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн эмчилгээний комиссын дүгнэлтээр "Цусны даралт ихсэлтийн III зэрэг, зүрхний архаг даамжирсан дутагдал, зүрхний булчингийн эмгэгшилт тэлэлт, уушигны артерийн ихсэлт өвчний улмаас зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай" гэж үзжээ. Уг нь зүрхний үйл ажиллагаа 40 хувьтай байвал Монголд эмчлэх боломжтой. Гэтэл Б.Энхбатынх 20 хувьтай болчихоод байгаа юм. Тиймээс зүрх шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болсон.

Итгэлийн оч, сэтгэлийн гал эрэлхийлж суугаа нэгэн сайхан монгол залуудаа тусалж, амьдрал, аз жаргал бэлэглэхийг таниас хичээнгүйлэн хүсч байна. Та доорхи дансаар хандив өргөх юмуу эсвэл дараахь утсаар Б.Энхбатын ар гэрийнхэнтэй холбогдож болно.

Хаан банк: 5039408985. Хас банк: 5000934999. Хадгаламж банк: 10580005927.

Харилцах утас: 99651284. 88776641. 88040596

Shuud.mn
Сонин хачин
хммрр:
Монголчууд угын сайхан сэтгэлтэй элгэмсүү ард түмэн,нэг нэгэндээ туслана гэдэгт итгэлтэй байна,Түүнийгээ ч урьд өмнө нь олон удаа батлж байсан,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2013-05-24