Занараас өндөр чанарын шатахуун, байгалийн хий гарган авна
2013-05-28

  Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өнөөдөр Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компани Занарын тос боловсруулах технологийн талаар танилцуулга хийлээ.Шатдаг занар гэдэг нь кероген хэмээх хатуу байдалтай нүүрс-устөрөгчийн органик нэгдэл агуулсан тунамал чулуулаг юм байна. Шатдаг занарын судалгаа анх манай оронд 1940-1950 онд хийгдсэн бөгөөд түүнээс хойш хийсэн 50 гаруй жилийн судалгааны дүнд Монголын нутаг дэвсгэр дэх шатдаг занарын мэдээллийг нэгтгэн, мужлалын бүдүүвч боловсруулан, хэтийн төлөвийг үнэлсэн ажээ. Монголын нутаг дэвсгэрт нийт 312 мянган хавтгай дөрвөлжин км талбайд шатдаг занарын нөөцийг тодорхой мэдээлэлтэй 9 сав газар, 3 орд, хэд хэдэн илрэл дээр 788 тэрбум тонн гэж тооцоолсон юм байна. Энэ нь шатдаг занар тархсан талбайн 19 хувьд бодогдсон аж. Сүүлийн 20 гаруй жилд энэ төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуул судалгаа нэн багассан боловч Хөөтийн ордод 1992-1996 онуудад эрэл, үнэлгээний ажил, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Далай булаг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт Ээдэмтийн ордод нөөцийн тооцооны тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2012 онд хэлэлцэн Монгол Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Ингэснээр шатдаг занарын нөөц 1.5 тэрбум орчим тонноор нэмэгдсэн юм байна.  Монголын нутаг дэвсгэр дээрх шатдаг занарыг судлах, үнэлэх ажил одоогоор хийгдэж байгаа бөгөөд судалгаагаар Монголын шатдаг занар өндөр зэрэглэлийнх гэдэг нь тогтоогдсон гэж “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр гишүүдэд мэдээлсэн. Түүний тайлбарласнаар, занарыг ил уурхайн аргаар олборлон боловсруулах бус газрын гүнд боловсруулах технологи ашиглах аж. Энэ технологи нь агаар, байгаль орчин хортой нөлөө үзүүлэхгүй бөгөөд өндөр чанарын шатахуун, дизель түлш, онгоцны түлш, мөн байгалийн хий, занарын тосны шингэрүүлсэн хий гарган авах нь. Харин боловсруулах технологийг тэрбээр ийн тайлбарласан. Газрын гүнд орших занарын зузаалагт цооног өрөмдөж түүндээ халаах төхөөрөмж суулган, улмаар цельсийн 300-400 градус хүртэл халаан занар дахь органик нэгдлүүдийг задлан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүдийг газрын хэвлийн орчинд боловсруулан гаргадаг байна. Энэ аргаар гарган авсан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүд болох /керосин, дизель, онгоцны түлш, хий/LPG/ нь чанарын хувьд сайн, хөнгөн, цэвэр байдаг онцлогтой ажээ. Монгол занараас гарах тосны хэмжээг занарын нөөцөөрөө томд тооцогдох Израйлийнхтай харьцуулахад хоёр дахин их болох нь тогтоогдоод байгаа юм байна.  “Жени Ойл Шейл Монголиа” компанийн хувьд судалгаа, үнэлгээний ажлаа дуусгаад, хэдэн жил туршилтыг явуулсны дараа үйлдвэрээ барих ажилд шилжихээр төлөвлөжээ. Сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх үйлдвэрийг богино хугацаанд өргөтгөх боломжтой бөгөөд өдөрт 50 мянган баррель занарын тос үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Ийм хэмжээний занарын тос үйлдвэрлэхэд нэг км-ыг 10 хуваасны нэгтэй тэнцэх газарт олборлолт явуулах бөгөөд нийтдээ 6700 тонн сайн чанарын бензин, онгоцны түлш үйлдвэрлэх ажээ. Түүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэх юм байна. Занарын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар Монгол Улс бензин, онгоцны түлш, байгалийн хийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадаадад экспортлох боломжтой хэмээн “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр танилцуулгадаа дурдсан. Занарын ганцхан ордыг ашиглахад л манай улсын хэдэн арван жилийн хэрэгцээг хангана гэж хэлж тэрбээр байлаа. Энэхүү мэдээллийг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа энэ үед хийснээрээ онцлог боллоо хэмээн гишүүд дүгнэсэн бөгөөд дэлхийд өндөр чанартайд тооцогдож буй шатдаг занарыг байгаль орчинд халгүй технологиор боловсруулах нь чухал болохыг ч онцолж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хичнээн далд аргаар боловсруулах байсанч байгаль орчинд муу нөлөөгүй байна гэж үгүй юм. Хөрсний температарт нөлөөлнө. Ингэснээр ургамал амьтанд нөлөөлнө.Гадаадыхан ашиг л олж байвал Монгол ямар болох нь хамаагүй. Одоо нээсэн нүүрсний уурхайнуудаа л бүрэн эргэлтэнд оруулах, шинэ технолог ашиглан нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Шинээр ямарч орд нээж ашиглахгүй байх хууль гаргах хэрэгтэй байна.
2021-04-19
tamir:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете "ИНКОРВУЗ-ХХI" оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав яы р, магистр, доктор философии, доктор наук). Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
2013-05-28