“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн маргааш морин цагт нээгдэнэ
2011-11-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан гаргах гэж буй “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн нээлт маргааш болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэснийхээ түүх, соёл, бичиг дурсгалд ихээхэн анхаарч байгаа. Үүнтэй холбоотой хэд хэдэн зарлиг гаргасныг сэтгүүлчид та бүхэн мэдэж буй биз ээ. Тухайлбал, Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг 2010 онд гаргаж, энэ хүрээнд багагүй ажил хийж, олон ном зохиол, кино гаргаад байна. Мөн онд  Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны хичээлийн тухай зарлиг гаргасан. Үндэснийхээ соёл, зан заншлыг хүүхэд залуучууддаа өвлүүлэх энэ хичээлийг ерөнхий боловсролын сургуульд энэ оноос зааж эхэлсэн. Цаашдаа бүх ангид заах юм. 2010 онд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргаж, энэ оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гадаад орнуудад илгээж буй албан захидлыг монгол бичгээр үйлдэж байна.  Мөн бүх шатны сургуулийн гэрчилгээ, дипломыг ирэх оноос монгол бичгээр зэрэгцүүлэн үйлдэж олгох болно. Төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг ч монгол бичгээр үйлдэн олгох юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ зарлигийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, үндэсний бичгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх үүднээс  маргааш 11:30 буюу морин цагт ховор үзмэр бүхий “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн нээлтээ хийх гэж байна. Уран бичлэгийн уг үзэсгэлэнг энэ сарын 16-20-нд уран зургийн галлерейд зохион байгуулна” гэж хэллээ.  Хэвлэлийн бага хуралд МУИС-ын Монгол хэл, соёлын сургуулийн эрдэмтэн багш Ж.Бат-Ирээдүй, Д.Гантогтох, Н.Баярсайхан, каллиграфч Б.Батбаяр нар оролцон монгол хэл, соёлоо дээдэлсэн Ерөнхийлөгчийнхөө зарлигуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэх ялдамд  монгол хэл бичгийн үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлаасаа ярьж танилцуулав.
Shuud.mn
Сонин хачин