Гадаадын 24 орны 30 гаруй ажиглагч ирээд байна
2013-05-30

  Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын тусгай төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Ю.Ельченко тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  Монголын сонгуулийн төв байгууллагын дарга байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар тэдэнд танилцуулав. Дараа нь тэд СЕХ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.Хоёр байгууллагын цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, аль салбарт дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, түүнчлэн монголын сонгуулийн байгууллага Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, ямар хувь нэмэр оруулах боломжтой  талаар санал солилцох, судлах зорилготой ирсэн талаар  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн  танилцууллаа. Түүнчлэн техникийн дэмжлэг, хууль зүйн туслалцаа  үзүүлэх, туршлага судлах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжийг судлахын  зэрэгцээ  сонгогчдын бүртгэл, сонгуулийн маргааныг шийдвэрлэж буй байдал, бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буй асуудал сонирхолыг нь татаж байгааг олон улсын байгууллагын төлөөлөгчид илэрхийллээ. Тус байгууллагын  олон улсын ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бүхий л үйл явцыг ажигласан талаар  дэлгэрэнгүй дүгнэлт гаргах бөгөөд түүнд тусгагдах зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах нь дараа дараагийн сонгуулиудыг зохион байгуулахад тус нэмэр болно гэж үзэж байгаагаа  тэмдэглээд  гишүүн орны хувьд  Монгол Улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн  бусад орнуудын сонгуульд ажиглагчаар оролцохыг урилаа. Энэ нь бусад орны сонгуулийн туршлагыг судлах ач холбогдолтой төдийгүй  Монгол Улс сүүлийн сонгуулиудыг амжилттай зохион байгуулсан туршлага ч мөн адил  гишүүн орнуудын сонирхолыг татаж байгааг ноён В.Ю.Ельченко дурдлаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ийнхүү урилгыг талархан хүлээн авч байна гээд  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад сонгууль ажиглахаас гадна танай байгууллагын хүрээнд зохиогдох  сургалт, семинарт оролцох, туршлага судлах, төсөл, хөтөлбөрт хамрагдах зэргээр үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоход бэлэн байна гэдгээ цохон хэллээ. Эгнээндээ  Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь итгэлцэл, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмын эсрэг тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ байгууллагын  300 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагч, шинжээчдийн  баг Ерөнхийлөгчийн сонгуулийг урт болон богино хугацаагаар ажиглаж, дүн шинжилгээ хийх ажээ. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийг  ажиглахаар  гадаадын 24 орны 30 гаруй ажиглагч ирээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин