"Анод" банкны хохирогчид Дээд шүүхэд давж заалдана гэв
2013-06-04

“Анод” банкны эзэд болон хувьцаа эзэмшигчид-хохирогчдын асуудал, үнэт цаасны уналтын шалтгааны талаар тус банкны хохирогчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар “Анод” банкны дампуурлын улмаас нийт 1248 хүн хохирсон. Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч иргэний хохирлыг барагдуулаагүй байгаа. Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас иргэд хохирсон энэ хэрэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын дарга н.Ганбаатар, мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарын таван хүн гол буруутайг хохирогчид хэлж байна. “Анод” банкны хувьцаа эзэмшигчид 9.3 тэрбум төгрөгийн хохирол амссан. Шүүхээс энэ төлбөрийг Сангийн яамнаас гаргах шийдвэр гаргасан ч Нийслэлийн шүүх төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзжээ.

Тиймээс "Анод" банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооныхон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгуулах, Улсын дээд шүүхэд давж заалдахаар төлөвлөөд байгаа аж.

Учир нь “Анод”-ын удирдлагуудад холбогдох хэргийг хянаж байсан прокурор О.Мөнхбаатар гэгч эл хэргээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд холбогдох хэргийг тасдаж аван, улмаар хэрэгсэхгүй болгосон удаатай. Тэрээр өнгөрөгч оны есдүгээр сарын 28-ны өдөр 306 тоот үйлдэн, түүндээ “Баярсайхан холбогдолгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй” гэсэн утга илэрхийлж байсан юм.

Дашрамд дурдахад, хохирогчид Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайхан очсоноос хойш Монголын үнэт цаасны зах зээл дампуурсан гэв.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол банк Анодыг хэвийн бусийг нь мэдсээр байж хувьцаа гаргахад нь далдуур дэмжсэн, харин СЗХ бол Анодынхны авилга,хээл хахуулийн арганд орж арыг нь сайн үзэлгүй яаравчлан хувьцаа гаргасан. Адгийн муу ***** хөргөгч хүртэл 6 сарын баталгаатай байдаг бүздээ. Гэтэл олон жил Монгол банкны хяналтанд байсан энэ том банк 5 сарын дотор шууд дампуурна гэдэг чинь ноотой. Санаатай, зохион байгуулалттай хийсэн ажил. Төрд байгаа авилгач түшмэд,төрлийн хэлхээгээр хамгаалагдаад байна.
2013-06-04