Амьсгалын сэргээн засалтаар туршлага солилцов
2013-06-14

Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг, Монголын бие бялдар хөдөлгөөн заслын Холбооны хоёрдугаар хамтарсан Эрдмийн чуулган Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн бие бялдар, сэргээн засах эмчилгээний үүрэг, ач холбогдол” сэдвийн дор ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд боллоо.   Эрдмийн чуулганаар амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээний чиглэлээр мэргэшсэн дотоод, гадаадын эмч, мэргэжилтэн нар судалгаа шинжилгээний бүтээлээ танилцуулж, сүүлийн үеийн амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар лекц уншиж, туршлагаа солилцлоо. Чуулганд бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор О. Батгэрэл, ЭМШУИС-ийн Сэргээн засах тэнхмийн ахлах багш, Анагаах ухааны доктор, дэд профессор А. Балжинням нарын эмч, судлаач нар оролцлоо.   Тус эрдмийн чуулганд БНСУ-ын Ионсей их сургуулийн Анагаах ухааны коллежийн Амьсгалын эрхтний сэргээн засах төвийн захирал доктор, профессор Сионг Воон Кан “Мэдрэл булчингийн эмгэгүүд болон нугасны гэмтлийн үед хийгдэх амьсгалын сэргээн засах эмчилгээ”, мөн тус сэргээн засах төвийн Сэргээн засах эмчилгээний тасгийн дэд профессор Вон Ай Чой- “Амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээний үндсэн бүрэлдэхүүн болох цэр гадагшлуулах  арга барил”, Японы Гунма их сургуулийн Эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч, PhD, Макато Хасегава “Амьсгалын эрхтний эмгэгийн цочмог үед хийх бие бялдар хөдөлгөөн засал эмчилгээ”, тус их сургуулийн ЭМШУ-ны Төгсөлтийн дараах сургуулийн профессор Добаши Күнио “Япон улсын амьсгалын эрхтний эмгэгүүдийн өнөөгийн байдал ба сэргээн засах эмчилгээ” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.   Амьсгалын эрхтний сэргээн засах тусламж үйлчилгээ дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж амьсгалын эрхтэн тогтолцооны чадвар алдагдалтай өвчтөнд маш үр дүнтэй эмчилгээ болох нь нотлогдсон. Амьсгалын сэргээн засалт гэдэг нь амьсгалын эрхтний архаг өвчтэй хүмүүсийн биеийн ерөнхий байдлыг тогворжуулж сайжруулсанаар зовиур шинж тэмдгийг багасгаж, амьсгалын үйл ажиллагааны чадварыг дээшлүүлж, нийгмийн амьдралын оролцоог ихэсгэж, улмаар эмнэлгийн зардлыг бууруулахад чиглэгдэж хийгддэг өргөн хүрээтэй нотолгоонд тулгуурласан эмчилгээ байдаг. Ийм учраас дэлхийн хөгжингүй орнууд амьсгалын эрхтний эмгэгтэй өвчтөнд энэ эмчилгээ үйлчилгээг хийж явуулахыг маш шаргуу зөвлөж байна.   Манай улсын хувьд дийлэнхи эмнэлгийн байгууллагуудад амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгтэй өвчтөний эмчилгээнд тайван амраах зарчмыг баримталж, амьсгалын сэргээн засалт хийлгүй ихэнхидээ эмийн эмчилгээ төдийхнөөр хязгаарладаг.Тэгвэл амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл хөгжиж байгаа орнууд, тэр дундаа манай орны хувьд хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж ирж байна. Тухайлбал, дэлхий нийтэд “тамхины өвчин” гэж нэрлэгддэг уушигны архаг бөглөрөлтөт өвчин нь ДЭМБ-аас гаргасан статистикийн урьдчилсан судалгаагаар 2020 он гэхэд нас баралтын шалтгааны 3 дугаарт, чадвар алдалтын шалтгаан өвчний 5дугаарт орох магадлалтай байна гэсэн таамаглал гарсан.   Тэгвэл өнөөдөр энэ өвчин манай улсад аль хэдийн зонхилон тохиолдох өвчний нэг болсон байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар манай улс тамхи татагчдын тоогоороо дэлхийн эхний 10 улсын нэгэнд багтаж байна. Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарын аль ч эмнэлгийн байгууллагын өдөр тутмын практикт амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнөөр өвдсөн, түүнийхээ улмаас амьсгалын үйл ажиллагааны чадвар алдагдаж, улмаар амьдралын чанар нь буурч байгаа өвчтөн маш элбэг байгаа нь үүнийг нотлож байгаа бөгөөд амьсгалын эрхтний сэргээн засах тусламж үйлчилгээ хэдий чинээ хэрэгтэй байгааг харуулж байна.   Энэ удаагийн хамтарсан эрдмийн чуулган маань дээрх амьсгалын эрхтэн тогтолцоон эмгэгүүдэд сэргээн засах эмчилгээний ач холбогдол, үүрэг ямар байх ёстой талаар сэргээн засалч эмч мэргэжилтнүүдийнхээ анхаарлыг хандуулж, сүүлийн үеийн мэдээлэл, нотолгоонд тулгуурласан туршлагаа ийнхүү солилцлоо.   Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин