Төр татвар төлөгч хоёрын аль нь мангуу вэ
2013-06-17

Боловсролын салбар бол улсын хөгжлийн үндэс. Улс орны ойрын болон хэтийн хөгжлийн үндэс юу байна вэ. Түүнд таацаж тохирч аваад явчих мэргэжилтнийг хэдий хэмжээгээр хэрхэн яаж бэлдэх вэ, улс орныхоо нэр төрийг өндөрт өргөж нүүр царай нь болохоор нэгнийг яаж дэмжих вэ гэх бакалавр, магистр, докторантурын төвшний сургалт “хэрүүлийн алим” болсоор удлаа. Хэрэлдэж хэлцэж байж өнгөрсөн жилээс нэг учир зүйгээ олсон. Ерөнхий боловсролын ерөнхий суурь муу байгаа болохоор тэр бүрий хүссэн шинэчлэлтийн хэмжээнд хүрэхгүй байгаа ч оргүйд орвол охинтой гэгчээр бага багаар урагшилж л байна. Үнэндээ энэ шинэтгэлийг нийгэм даяараа хүсэн хүлээж байсан. Дээд боловсролтой л болгож байвал насны хэрэг бүтлээ л гэдэг байлаа. Сайн муу сурсан хамаагүй гагцхүү боловсролтой л болох. Эцэг эхийнхээ махыг зулгааж байж сурсан хүүхдүүдэд нь ажил олдохгүй гудамжинд лааз өшиглөөд л гуйвж явна. Хүсээгүй, мэдлэгшээгүй, хөдөлмөрийн зах зээл дээрх илүүдэл мэргэжилтэн өөрөөр яах ч билээ дээ. Эрэлт нийлүүлэлт дээр оршин тогтнохуйгаа тунхагласан зах зээлийн нийгэм. Хөдөлмөрийн зах зээл дээр тухайн мэргэжлээр хэчнээн боловсон хүчин хэрэгтэй байна түүнийгээ л аваад саваа бялхуулчихна. Гэхдээ мэргэжлээрээ оройн дээд мэдлэг мэдээллийг цуглуулж чадсан цөөн хэсэгт нь шүү. Дундаж болон түүнээс доогуурт нь багтаж шингэх орон зай даанч байхгүй. Улс төр судлаач, эдийн засагч,  утга зохиолын ажилтан сэтгүүлч... гээд тоочвол тун чиг олон илүүдэл мэргэжилтнүүд жилд хэдэн зуугаараа төгсч байна. Угаас хөдөлмөрийн зах зээл нь байхгүй юм чинь яах вэ дээ мөнөөх л гудамжиндаа мандтугай.

.

Тэрчлэн нийт төгсөгчдийн 70 хувь нь охидууд шүү. Хөөрхий малчид яах вэ дээ. Энэ муу хүү яах вэ малаа маллаад бүүр болохгүй бол энэ тэнд харуул манаа, ачаа бараа зөөсөн шигээ болж л таарна. Харин энэ муу охин дээд боловсролтой болж л байвал гээд залбираад явуулах. Хэдэн ямааныхаа ноос ноолуур, мах шөл, хамаг байдаг мөнгөө банкны зээлтэйгээ нийлүүлээд л явуулна. Хариуд нь ажилгүй, анхиагүй баахан нөхдүүд төгсч ирээд л эргээд празиталж эхэлнэ дээ. Улс орны үндэс болсон айл өрх бодлогогүй үйлийнхээ үрийг ингэж л эдлэж байна.

.

Боловсролын систем өөрөө дампуу болохоор мөнгө завшигсад нь ч мундахгүй. Захаасаа хэдэн тэрбумаар идсэн сайд дарга нар нь шоронгийн хаалга татацгааж байна. Улс л болсон хойно ирээдүй хойчдоо санаа тавина. Ерөнхий боловсролынхонд жил бүр сурах бичиг хэвлүүлж, дүрэмт хувцас төхөөрч, их дээд сургуулийнханд нь сар бүрийн урамшуулал цалин олгоно. Салбарыг нь толгойлж байгаа нөхдүүд өнөөх тендерийг замаас нь хулуулж аваад жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтнууд болно доо. Тэрбум төгрөг цуглуулах гэж жирийн дундаж иргэн долоон үеэрээ хөдөлмөрлөөд ч олдоггүй байтал сайн цагийн “сайн” эрчүүд гарын үсгээ мутарлаад л гүйцээ. Идүүлсэн бут цэцэглэдэг гэдэгчлэн хашраагдаж, хатаагдсан “Корчагинууд” гэрэлт замаар нь урагшлах аугаа тэр л “эрдмийг нь” өвлөж аваад үргэлжлүүлнэ. Хэн хэрхэн яаж улсын хөрөнгийг их хэмжээгээр зувчуулж завшиж болох вэ гэдгээрээ уралдана. Үүнийг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн авилгалын хэрэгт сэжиглэгдэн зарим нь гэсгээлээ сонссон эрхмүүдийн үйлдлээс бэлхнээ харж болно.

.

Ирээдүйнхэн маань үүнээс мөнчиг сайн суралцаж байна. Төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд 1513 иргэн суралцжээ. Тэдний 436 нь эх орондоо ирээгүй байх юм. Нэг хүнд дор хаяж жилийн 3600 орчим еврогоор 3-6 жил сургачихаад алдаж орхив. Тэдний тал хувь буюу 244 нь 2003 оноос өмнө явсан буюу зээлийн барьцаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн хулхин дээр цэцэг ургуулагчид. Нарийвчлаад судлавал ихэвчлэн төрийн дээд, дунд албан тушаалтны хүүхдүүд. Бид чинь ер нь ямар нийгэм байгуулчихаад байгаа юм бэ. Хүн амаа төрийн доторх төр нь манайхан доодчуул гэж хоёр хуваачихаад өөрийнхөндөө өрмийг нь зооглуулаад мань мэтэд нь хусмыг нь долоолгосоор удлаа. Төрийн мөнгө гэж үнэндээ үгүй. Татвар төлөгч бидний л мөнгө. Яах гэж бид алхам тутамдаа татвар төлж төрөө санхүүжилдэг гэж бодож байна та. Үндсэн хуульд заагдсаны дагуу эрүүл аюулгүй орчинд аж төрж, үр хүүхдээ сургаж хүмүүжилж, боловсрол мэдлэгтэй болгоход өгч байгаа мөнгө. Төр бидний энэ л хэрэгцээг хангах учиртай. Хангалттай эсэх нь өөр хэрэг харин энэ хөрөнгө мөнгийг өөрийнх мэт андуурч өөрийгөө шарлуулж, дов доороо шар тос цуглуулж байгаа болбоос хатуу хариуцлага хүлээх л ёстой.

.

Би ерээд оны дунд үеийн оюутан. Тэр үед сар бүрийн оюутны 70 мянган төгрөгийн цалин битгий хэл оюутны автобусны хөнгөлөлттэй билет ч байдаггүй байлаа. Хичээж сураад л төгсөцгөөсөн. Айлын хажуу өрөө хэд гурваараа хөлсөлж, автобусанд туулайдаж үгүй бол тавхайндаа цэврүү үсэртэл алхалж, номын санд хонож өнжиж гэмээн сургуулиа төгсөцгөөсөн. Улс орны маань амьдрал ч тийм байсан болохоор гэдсээ эвхэж бүсээ чангалахаас өөр арга байсангүй. Харин өнөөгийнхөн азтай юм. 70 мянга өгснөөр хичээлдээ оролцох идэвх эрс сайжирсан гэж салбарын сайд Л.Гантөмөр ярьж байх юм. Хүүе уучлаарай. Тэднийг чинь хүчээр чихдэж авчраад анги танхим дүүргээгүй шүү. Сурвал сур үгүй бол үгүй. Жилдээ төчнөөн хүн дээд боловсролтой болж байна гэсэн сайдын ажлын тайлангийн тоог бөглөх гэж төр бидний мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь хулуулах эрх байхгүй. Маш сайн суралцдаг, амьдралын боломж нөхцөл муутай нэгэнд өгч байгаа тэтгэмж бол бас чиг яая гэхсэн. Хөлдүү толгойтнуудын баарны мөнгийг өгөх гэж мань мэт нь өглөөнөөс орой хүртэл борви бохисхийтэл ажиллаагүй юм шүү. Надад ч бусад татвар төлөгч шударга иргэн бүрийн ард гэр бүл, үр хүүхэд гэж байгаа.

.

Салбар хариуцаж байсан нөхдүүд нь идсээр ирсэн, их дээд сургуулийн захиргаа нь хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй боловсон хүчнийг хэдэн зуугаар нь жил бүр үйлдвэрлэсээр байгаа, суралцагсад нь урамшуулал хөнгөлөлт завшсаар байгаа ийм улс орны ирээдүйг энгийн татвар төлөгч би гайхаж алмайрч, эгдүүцэн зэвүүцэхээс өөр ч яах билээ дээ. Эрүүл саруулаар сэтгэх хүн ингэхэд байна уу аль эсвэл би “болохоо байгаад” байна уу.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
z zz z zz zochin:
ma ama ammmaa mal
2014-09-04
zochin:
tanai sait unen shuumjilel bichheer usgd bdg tgd malaa gd bichij bhd taviad bdg hehe..........yostoi oilgosongui...
2013-06-17
zochin:
malaa chi sanal helj bhd yu gej ustgd bgn be
2013-06-17
зочин:
магистр гэсэн мөнгө олдог сувгаа болимоор юм Хүн бүр л магистр хөх инээд хүрдэг юм Тийм олон эрдэмтэдээр яах вэ дээ Мөнгө олох л арга Энэ тал дээр яам анхаараач
2013-06-17