Эрүүл мэндийн сайд Н.Удвал бөөрний гемодиализын төв эмнэлэгт ажиллаа
2012-10-31

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монгол-Германы хамтарсан “Kidney-Care” бөөрний гемодиализын төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг нь 2011 оноос эхлэн 6 ортой гемодиализын аппаратаар 3 ээлжээр ажиллаж, эмчилгээ үйлчилгээндээ Европын стандартыг нэвтрүүлэх зорилт тавьж, ХБНГУ-ын Мьюнхэн хотын Техникийн их сургуулийн дэргэдэх Клиникийн бөөрний тасагтай урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулан, Герман эмч нарын багийг урьж ажиллуулж байгаа аж.

Сайд эмчилгээний үнэ өртөг өндөр учир зардлыг хэрхэн зохицуулах, улсын эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлээр хувийн байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх, нийлүүлж буй тоног төхөөрөмжийн чанар, стандарттай танилцаж, шинэчлэл хийх зорилгоор тус эмнэлэгт ажиллаж байгаагаа илэрхийлэв.

Гемодиализын эмчилгээг Европын стандартын дагуу өвчтөний биеийн байдал, хүндрэл, хордлогоос хамааруулан өвчтөн бүрт тохирсон эмчилгээг хийж, цусны электролитын баланс, хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах тухайлбал, натри, кали, бикарбонатыг тохируулан эмчилгээг хийж байгааг тус эмнэлгийн ерөнхий эмч П.Нямдаваа танилцуулав.

Монголын гемодиализын аппаратын эмчилгээнд орж буй хүмүүст ялгаа байна уу хэмээн сайдыг сонирхоход тус эмнэлгийн Герман эмч “Монголд үйлчлүүлэгч нар ирэхдээ эхний шатандаа эмчилгээнд ирэхгүй хэт оройтсон, хордлогод орсон үедээ ирж байна. Эмч нар лабораторийн шинжилгээ талаас авч үзэхгүй, эмнэлзүйн шинж тэмдэг талаас нь үзэж байна. Мөн даралтыг хянаж чадахгүй байна” хэмээсэн юм.

Монгол-Германы хамтарсан бөөрний төв эмнэлгийн захирал П.Нямцэрэн Диализын өвчтөний уудаг эм Монголд байхгүй тул Герман улсаас наад захын 10 төрлийн эмийг өөрийн хэрэгцээнд зориулж оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэх, зөвшөөрөл олгох, Гемодиализын эмчилгээний зардлыг эрүүл мэнд, нийгмийн даатгалаас санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг саналыг хэлж байлаа.

Түүнчлэн ерөнхий эмч П.Нямдаваа бөөр шилжүүлсний дараах болон өмнөх үеийн эмчилгээний олон улсад хэрэглэгддэг Европ стандартыг нэвтрүүлэх, бөөрний шалтгаант цусны даралт ихсэх өвчлөлийг бууруулах, даралтыг зөв хянах, чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх талаар анхаарах, Орон нутгийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэг нь архаг бөөрний дутагдалтай хүмүүстээ эмчилгээ үйлчилгээ үзүүлж байх талаар эрх зүйн зохицуулалт хийх, Монголын бөөрний эмч, сувилагч багш нарыг Европ эмчилгээний сургалтад хамруулан, чадавхжуулах шаардлагатай байгаа зэрэг олон асуудлыг сайдад уламжлав.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Герман улсаас оруулж ирэх 10 төрлийн эмийг зохих журмыг дагуу оруулуулах, гемодиализын эмчилгээний талаарх саналыг судлан үзэж, холбогдох арга хэмжээ авахыг Оношлогоо эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэнд үүрэг болгосон байна.

Тус эмнэлэг харьяалагддаг “Нарт эрдэнэс” компани 2007 оноос Бөөрний гемодиализ эмчилгээгээр дэлхийд тэргүүлдэг Герман улсын Fresenius Medical Care компанитай хамтран ажиллаж, 2010 онд тус компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь болсон бөгөөд Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн гемодиализын аппарат нийлүүлэх тендерт шалгарч, Дорнод, Өмнөговь, Орхон, Ховд аймгуудад тус тоног төхөөрөмжийг нийлүүлж, засвар үйлчилгээг хариуцан хамтран ажиллаж байна.

Өнөөдрийг хүртэл бөөрний дутагдалд орсон 41 шинэ өвчтөнд гемодиализ эмчилгээг эхлүүлэн, давтагдсан тоогоор 200 гаруй удаагийн сеанс эмчилгээг хийсэн байна. Тус аппарат нь долоо хоногт 3 ээлжээр 36 хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Монгол Улсын хэмжээнд нийт 400 гаруй гемодиализын эмчилгээнд орох үйлчлүүлэгч байдаг боловч Улсын нэгдүгээр төв эмнэлэг 160 орчим, улсын хоёрдугаар төв эмнэлэг 20, тус эмнэлэг 40 хүн нийт 220 орчим хүнд сеанс эмчилгээг хийгээд байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин