Гадаадын гүйлтын тамирчид Монголын говиор гүйнэ
2013-06-20

Канадын гүйгч Рэй Захаб, Тайваний гүйгч Кевин Лин нар энэ сарын 23-наас манай орны говь нутгаар гүйж, 2300 км газрыг туулахаар болжээ. Рэй Захаб нь Сахарын цөлөөр 7500 км, дэлхийн хамгийн хуурай Чилийн Атакама цөлөөр хөндлөн 1200 км замыг өмнө нь гүйн туулсан байна. Харин Сахарын цөлийг хамт гүйж туулсан Тайваний гүйгч Кевин Линтай хамт Монголын говийг өдөрт дунджаар 70 км туулах аж.

Рэй Захаб нь “Монгол бол хамгийн сийрэг хүн амтай улс. Бид өдөрт 70-80 км гүйж, нутгийн нүүдэлчин ард түмний аж амьдралтай танилцаж, говь нутгийн үзэсгэлэнт сайхан байгаль болон хүнд бэрх бүхнийг нь өөрийн биеэр үзэж, сурч мэдсэн бүхний бусадтай хуваалцана. Үүний хажуугаар энэ сайхан нутгийг гүйж туулахдаа бид бие махбодын тэсвэр тэвчээрийн хязгаарыг ч бас олж мэдэх болно” хэмээн ярьжээ.

Тэрбээр 15 ширхэг гүйлтийн гутал, аяллын майхан, замд үзэж харсан бүхнээ цаг алдалгүй бусадтай хуваалцаж байхын тулд хиймэл дагуулын антенийг авч явах ажээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин