ОБЕГ-ынхан бэлэн байдалд ажиллаж байна
2013-06-26

Өнөөдөр орон даяар ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэжлилж байна. Энэ өдөр нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буй. Мөн өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот, Ховд гол Өлгий , Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинд, Сагсай гол Буянт сум, Харбут гол Алтай сум, Чигэртэй гол Дэлүүн сум, Булган гол Байтаг сум, Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу сум, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол Цагаанүүр сум, Увс нуурын сав Хархираа гол Тариалан сум, Түргэн гол Түргэн сум, Баруунтуруун гол Баруунтуруун сум орчимд үерийн түвшинг даван үерлэж байгаа юм байна. Иймд дээр дурдсан голууд болон голын сав дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Мөн хөдөө орон нутгийн иргэд болон нийслэлийнхэн үерийн түвшинд очсон гол усны орчмоор зорчих бол аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой явахыг санууллаа.

Түүнчлэн энэ өдөр сонгогчдын аюулгүй байдлыг хангаж гол усаар аюулгүй зорчиход нь тусалж ОБЕГ-ийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин