Ж.Сүхбаатар: Бидэнд зүгээр тараагаад явах мөнгө байхгүй
2013-06-26

 

Дөнгөж сая МАН-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд нар  оролцож, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

.

Тэд энэ үеэр “Ерөнхийлөгчийн сонгууль шударгаар явагдах ёстой. Бид өмнө нь ч энэ талаар ярьж байсан. Эрх баригчид энэ удаагийн сонгуульд Цагдаагийн хүчийг хэт их ашиглаж байна. Хаяг дээрээ байхгүй байна гэсэн сонгогчийг гомдол гаргасны төлөө цагдаагийн хүчээр саатуулах арга хэмжээ авсан байна.

.

АН-ынхан төрийн эрх мэдлийг гартаа атгаж,  сонгогчдын саналыг худалдаж авах янз бүрийг арга хэрэглэж байна. Хан-уул дүүрэгт Морингийн даваа орчим сонгуулиа өгөөд ирвэл газар олгоно, хөдөө орон нутагт мөнгө тараасан гэх мэдээлэл ирсэн, баримтжуулсан байгаа. Манай фейсбүүк хуудаснаас ч харж болно. Бидний хувьд аливаа зүйлээр сонгогчийн саналыг худалдаж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Бид шударгаар өрсөлдөнө” гэв.

.

Өвөрхангай аймаг МАН-ынхан мөнгө тараасан гэх мэдээллийг тодруулахад Сүхбаатар “МАН-аас мөнгө тараасан ямар нэг үйлдэл хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид эрх баригчдын дарамтан дор санхүүжилтээ арай гэж босгож байж нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааг хийсэн. Тиймдээ ч бидэнд зүгээр тараагаад явах мөнгө байхгүй. Сонгуулийн санал хураалт шударга явагдаж байгаад хяналт тавих гээд ч хүч хүрэхгүй байна” гэсэн хариулт өглөө.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин