Нийгмийн даатгалын сангийн тайлан, стандарт хэвийн үнэлгээтэй гарчээ
2013-06-28

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн зарлага, санхүүжилт жилийн дүнгээрээ 93,6 хувийн гүйцэтгэлтэй гарч, улсын төсвийн алдагдал төлөвлөж байсан хэмжээнээс нэмэгдсэнийг Сангийн сайд Ч.Улаан хуралдаанд танилцуулсан. Үүний гол шалтгаан нь экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш тогтворгүй байсан, нөгөө талаар зах зээлийн эрэлт буурсантай холбоотойгоор төсөв орлого талдаа дутагдсан нь төсвийг ихээхэн хэмжээний алдагдалтай гарахад нөлөө үзүүлсэн гэлээ.Түүнчлэн энэ оноос Төсвийн тухай шинэ хууль хэрэгжиж байгаа. Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээс сургамж авч шинэ хуулийн дагуу оны эхнээс төсвийн хэрэгжилтэд анхаарч оновчтой зохион байгуулах асуудалд онцгой анхаарч байна. Төсвийн шинэ хуулинд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид буюу салбар хариуцсан сайд нар өөр өөрсдийн төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж энэ оны төсвийг хэрэгжүүлэх ажлыг биечлэн зохион байгуулан ажиллаж байна гэлээ.

Мөн тус байнгын хорооны салбарын сайдуудын багц тус бүрийн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, шалгалтын талаар Үндэсний Аудитын газрын дарга Б.Зангад товч танилцуулсан юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хувьд салбарын төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц багтаж байна. Багц тус бүрийн төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд аудит хийж хянаж баталгаажуулсан. Мөн тайланг санхүүгийн аудитаар оруулж баталгаажууллаа. Эрүүл мэндийн болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багц стандартын бус буюу хязгаарлалттай санал дүгнэлтэд хүрсэн. Ингэж хязгаарлалттай гарах болсон шалтгаан нь Эрүүл мэндийн сайдын багцад 580 гаруй сая төгрөгийн зарцуулалт баримтжиж тусгагдаагүй, бас нэг обьект тайландаа тусгаагүй гэх мэт хөрөнгө оруулалт төсвийн зарлагатай холбоотой санхүүгийн бүртгэл тооцоо тайланг гаргах хууль, журам мөрдөгдөөгүй байсан бол Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцын тайлан шинээр байгуулагдсан яам, санхүүгийн алба нь хөл дээрээ босч бэхжээгүй, тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй, тайлангаа шахаж хугацаа алдаж гаргасан боловч дотроо материаллаг зөрүүтэй байсантай холбоотой. Мөн тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах Нийгмийн даатгалын сангийн тайлан, стандарт хэвийн үнэлгээтэй гарсан бол Хүний хөгжил сангийн тайлан хязгаарлалттай дүгнэлтэй гарсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс санал хэлэх гишүүд гараагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүний дараа Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд олгогдсон санхүүжилтэд хяналт, шалгалт хийсэн Ажлын хэсгийн товч танилцуулгыг сонсов.

Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хийлээ. Ажлын хэсэг Баянгол эрүүл мэндийн нэгдэл, П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газар, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Оргил рашаан сувилал болон даатгалын байгууллагатай гэрээ бүхий Монос эмийн сангийн үйл ажиллагаа болон даатгуулагчдад үзүүлж байгаа тусламж үйлчилгээний байдалтай газар дээр нь танилцан ажиллажээ.

Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулиар энэ онд эрүүл мэндийн даатгалын санд 131,8 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсанаас оны эхний 4 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд 2275,1 мян. хүн хамрагдаж, санд 54,8 тэрбум төгрөг оруулж 36,5 тэрбум төгрөгийг бүх төрлийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан байна.

Эрүүл мэндийн даатгалын сан нь 2012 оны байдлаар эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 25,1 хувийг эзэлж байгаа бөгөөд сангийн нийт зардлын 78,5 хувийг төрийн өмчийн эмнэлгүүдэд, 13,7 хувийг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд, 4,3 хувийг зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтөд зарцуулсан байна. Түүнчлэн сангийн зарцуулалтыг тусламж, үйлчилгээний төрлөөр авч үзэл нийт зардлын 60 орчим хувийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд зарцуулжээ. Хоёр дахь шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн нэгдлүүдийн хувьд цаашид төрөөс хариуцах тусламж үйлчилгээнд хамрагддаг сүрьеэ, хавдар, ДШБ, ДОХ/БЗДХ өвчний эм тарианы хүрэлцээг санхүүжүүлэх хэлбэрийг нарийн судалж шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар санал гарсан байна. Ажлын хэсгээс дээр дурдагдсан эрүүл мэндийн байгууллагуудаас даатгалын сангийн чадавхийг сайжруулж, найдвартай, тогтвортой байдлыг нь бэхжүүлэх болон даатгалын тусламж, үйлчилгээ, санхүүжилттэй холбоотой гаргасан саналуудыг шийдвэрлэх талаар тус Байнгын хорооноос Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөх саналыг оруулахаар болсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Мөн Ажлын хэсгийн ажиллах хугацаанд Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд тусгуулахаар гаргасан саналуудыг Байнгын хорооны хуулийн Ажлын хэсэгт хүргүүлж, саналуудыг хуулийн төсөлд тусгах талаар анхааралдаа авч ажиллахыг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа Ажлын хэсэгт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин