Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ, АНУ-ын Техас мужийн Unbound байгууллагатай хамтран “Цагдаа, хууль сахиулагчид”, “Багш, нийгмийн ажилтан, эмч”, “Олон нийт” гэсэн гурван чиглэлээр “Нэг мэдээлэл нэг амь” сэдэвт хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж буй. Гурав хоног үргэлжлэх энэхүү сургалтаар гэмт хэрэгтний арга барил өөрчлөгдөн далдлагдаж, илүү нарийн зохион байгуулалттай болж байгаа энэ үед төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа нэмэгдүүлж, хүний наймааг таслан зогсооход иргэдийн мэдээлэл сайтай байдал, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч байна. Өнөөдрийн сургалтад нийслэл дүүргийн цагдаагийн албан хаагч, хэсэг хороодын цагдаа, өмгөөлөгч хуульчдын төлөөллөөс хүрэлцэн ирсэн юм. АНУ-ын Тсхас мужийн Unbound байгууллага нь мэргэжлийн хуульч, сэтгэл зүйч, туршлагатай сургагч багш нараас бүрдэх бөгөөд тэд FBI буюу АНУ-н тагнуулын төв газартай шууд хамтран ажилладаг аж.
АНУ-н элчин сайдын яамнаас хийсэн судалгааны тайланд дурьдсанаар Монгол улс нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлддэг, зуучилдаг, дамжуулан худалддаг орны тоонд зүй ёсоор багтсан. Зөвхөн судалгаа биш бодит байдлаас харахад ч гэсэн манай улсад хүний наймаа ил далд бүх хэлбэрээр үйлдэгдсээр байгаа нь нууц биш. Дэлхий дээр жилд дунджаар 2.5 сая хүн хүний наймааны золиос болдгийн 1.4 сая буюу 56 хувь нь азийн орнуудад болдог аж. Манай орны хувьд хүний наймаа нь ихэнхдээ гадаад оронд мэхлэгдэн очоод тэндээ худалдагдсан байдаг, биеэ үнэлэлт нэрэн доор халхлагдан үйлдэгддэг, гэрч хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас болоод хүмүүс цагдаагийн байгууллагад хандах хүсэлгүй байдаг гэх мэт олон асуудал байсаар байгаа аж.
Сургалтад оролцогчид энэ үеэр нийгэмд байгаа бодит мэдээллийг баримт дурьдан сургалт явуулсанд талархал илэрхийлсэн. Мөн дараагийн уулзалтуудад шийдвэр гаргах түвшний хүмүүсийг илүү олноор урьж оролцуулахыг санал болгосон. Мөн “бид маш олон төрлийн гэмт хэрэг дээр ажилладаг тул хүний наймаа, хүчирхийллийн талаар бүх л мэдээллийг авч чаддаггүй. Тиймээс “Лантуун дохио” ТББ- тай цаашид хамтран ажиллах боломжтой” гэдгээ мэдэгдсэн.
Сургалт маргааш дунд сургуулийн багш, нийгмийн ажилтан, эмч нарт зориулагдах бөгөөд “15.00-18.00 цагийн хооронд “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-д үргэлжилнэ. Харин энэ сарын 6-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр Блью скай төвийн хоёрдугаар давхарын хурлын танхимд 16.00-18.00 цагийн хооронд зохиогдох юм.
П.Наран