Халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргажээ
2013-07-06

Зуны дэлгэр цагт хүмүүс амарч, зугаалах, аялах хөл хөдөлгөөн ихэсдэг. Улс үндэсний их баяр наадмаас эхлээд аймаг орон нутаг, байгууллага, хамт олон, ураг төрлийн гээд олныг хамарсан арга хэмжээнүүд ч өргөнөөр зохиогддог.  Хүмүүсийн амралт аялал зугаалга, олны баяр наадам аятай сайхан байхад нь дэмжлэг болох эрүүл мэндийн эрсдлээс эрт сэрэмжлүүлэх, халдварт өвчний талаарх мэдээ мэдээллээр хангах үүднээс өнөөгийн нөхцөл байдал, өмнөх жилүүдийн  туршлага, сургамжид үндэслэн ХӨСҮТ-өөс дараах  зөвлөмжийг  гаргажээ.

-Аялал, амралт, зугаалга, оролцох баяр наадмаа урьдаас сайн төлөвлөж, болзошгүй эрсдлийг урьдчилан тооцох, түүнээс сэрэмжлэх арга хэмжээ авахад бэлтгэлтэй ( шаардлагатай үед холбоо барих  хүн, байгууллагын утас, хаяг, өөрийн гар утасны цэнэг, нэгж, г.м ) байх. -Дулааны улиралд хоолны хордлого, нарны хордлогоос болгоомжлох нь чухал. -Мал, амьтнаас халдварладаг бруцеллёз, бэтэг, галзуу, боом, ялангуяа тарваган тахал өвчнөөс болгоомжилж тарвага, зурам мэтийн мэрэгчидтэй хавьтаж ойртохоос зайлхийж, түүний түүхий мах, арьснаас хол байх. -Ой модтой, өвс ургамалтай газар явахдаа хачиг, шавьжид хазуулахаас болгоомжил. -Залуучууд, өсвөр үеийнхэн, идэр насныханы дунд түгээмэл байгаа бэлгийн замын халдварт өвчин, сүүлийн жилд өссөх хандлагатай байгаа ХДХВ-ын халдвараас сэрэмжлэх. -Манай улсад нутагшмал байдлаар тохиолддог цочмог халдварт өвчин сүрьеэ, вирусны гепатит ялангуяа бага насны хүүхдийн дунд салхин цэцэг, гахай хавдар, гар хөл амны өвчин, цусан суулга, суулгалт халдвараас сэрэмжлэх нь зүйтэй. -Гадаадад явах болон гадны зочин гийчин хүлээн авахтай холбогдуулан  олон улсын хэмжээнд гарч байгаа шинэ коронавирусын халдвар, шувууны томуугийн хүний өвчлөл мэтийн өнөө үед маш анхаарал татаж байгаа халдварт өвчний талаар байнгын мэдээлэлтэй байх хэрэгтэй. -Ахуйн болон техникийн осол, гал, үер, гол усны аюулаас болгоомжлох. Эдгээр өвчин, гамшгийн  талаар дэлгэрэнгүйг www.nccd.gov.mn,  www.flu.mn: www.nema.gov.mn;   https://www.dropbox.com  сайтаас үзэх боломжтой хэмээн мэдээлж байна. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин