С.Энхбат: Ерөнхий сайд хатуу байр суурь баримталснаар Оросууд манай улсын саналыг зөвшөөрсөн
2011-01-04

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг "Ярилцах танхим"-даа урилаа.

- С.Энхбат дарга аа, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлал өнгөрсөн оны тэмдэглэл болж үлдсэн ч өөрийн тань хариуцаж буй салбарт хамтрах Монгол, Оросын хамтын ажиллагаа ирэх он жилүүдэд үргэлжлэх учраас маш олон ойлгомжгүй асуултад танаас хариулт авмаар байна. Магадгүй 2011 оны туршид хэвлэл мэдээллийн хуудаснаа гарах ”Дорнод уран” компанийн тухай мэдээлэлд ерөнхий утгаар нь хариулт өгч болох юм шүү дээ? - Хариулт өгч болно. Хамгийн гол нь би бодит хариулт өгөх үүрэг хүлээж байгаа хүн. Цөмийн энергийн газар байгуулагдсан цагаасаа хойш энэ салбарын бодлогыг тодорхой болгохын төлөө аливаа хэлэлцээрт Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн. Бид энэ ашиг сонирхлоо ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн үеэр хамгаалж чадлаа. Юун түрүүнд энэ үгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

- Таны өмнөх ярилцлагад ОХУ-тай хамтарч байгуу¬лахаар тохиролцсон “Дорнод уран” компанийг 50, 50 хувийн харьцаатай эзэмших болзол тулгасан тухай өгүүлбэр бий. Харин энэ удаад Монголын тал 51 хувийг, оросууд 49 хувь эзэмших гэрээ байгуулсан. Тэд ингэж буулт хийх болсны цаад хүчин зүйл нь юу юм бэ? - Оросууд анх хоёр тал 50 хувийг эн тэнцүү эзэмшинэ гэдэг шахалт үзүүлж байсан нь үнэн. Хэдийгээр танай улсын Цөмийн энергийн тухай хуульд “Монголын тал 51 хувийг эзэмших ёстой” гэж заасан ч тусгай зүйл, заалтаар зохицуулах маягаар манайд 50 хувийг нь өгөх боломж бий. Та нар Оюутолгой дээр ч тусгай зохицуулалт ашиглаа биз дээ” гэж байсан. Тэгэхэд нь манайхан “Үгүй ээ, бид анхнаасаа хууль бус гэрээ байгуулчихаад түүнийгээ УИХ-аар хууль ёсны болгох гэж зүтгүүлэх боломж байхгүй.Хуулийнхаа дагуу л явна” гэж удаа дараа хэлсэн. Харин дараа нь өнгөрсөн оны гуравдугаар сард “РосАтом”-ын гүйцэтгэх захирал С.Кириенког Монголд айлчлах үеэр Ерөнхий сайд С.Батболд манай талын хэлж байсан байр суурийг маш хатуу илэрхийлсэн. Ерөнхий сайдын тэр үгнээс үүдээд Оросын тал манай хуулийн дагуу асуудлыг шийдэхгүй бол болохгүй юм байна гэж ойлгосон  шиг байгаа юм.

- Тэгвэл “Дорнод уран” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гэж бас нэг асуудал байсан. Монгол хүнээр даргалуулахгүй гээд л? - Тийм ээ, энэ сэдвийг тойрсон ч яриа олон удаа өрнөсөн. Эцсийн дүнд манай саналын дагуу ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хоёр талаасаа эн тэнцүү таван хүнтэйгээр сонгоно. Монголын талын таван гишүүнээс Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгоно гэж тохирсон. Оросын тал анх “Танайх ураны салбарт ажилласан туршлагагүй учраас туршлагатай орос хүнийг даргаар томилно” гэж ярьж байсан.

- Хоёр тал эн тэнцүү таван хүний төлөөлөлтэй байх юм бол асуудлыг шийдэхэд тэнцвэржээд байх биш үү. Энэ тохиолдолд хөндлөнгийн саналыг авах уу? - Үгүй ээ, гэрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийнхний санал тэнцсэн тохиолдолд зөвшилцлийн шугамаар асуудлыг шийднэ гэсэн заалт бий. Бүр асуудлыг шийдэж болохгүй боллоо гэхэд манай тал 51 хувийг нь эзэмшигч давуу эрхийнхээ хүрээнд эцсийн шийдвэр гаргах эрхтэй.

- "Дорнод уран" компанийг Монголын хамгийн их ураны нөөцтэй Дорнод ордод түшиглэн үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болох уу? - Дорнод ордын лиценз яг одоо сул байгаа.

- Цөмийн энергийн газрын мэдэлд гэсэн үг үү. Нэг бол хэн ч авсан бэлэн байгаа гэж үзэж болох уу? - Үндсэндээ бэлэн байгаа. Өмнө нь “Төв Азийн уран” компанийн мэдэлд байсан лиценз. Тэд манайхыг өөрсдөөс нь булааж авсан гэж яриад байгаа юм. Би бол тэднийг өөрөө өөрсдөөсөө булаасан гэж хэлнэ.

- Яагаад тэр вэ. Та тэдний хувьд өмчийг нь булаагаад авчихсан маш “харгис” хүн шүү дээ? - Тэд Монголыг Африкаас долоон дор үзсэн. Луйварчин гэж муухай үг хэлээд хэрэггүй байх. Ерөнхийдөө бол тэд их булхайтай хүмүүс. Нэг лиценз олж авчихаад түүнийгээ тойруулж нэг компани байгуулсан төдийд Хөрөнгийн биржээс мөнгө босгосон л хүмүүс. Тэд Монголд юу ч хийгээгүй. Тэгчихээд манайхаас 200-800 сая ам.доллар нэхэмжилнэ гээд л. Тэр мөнгийг нь бид өгөхгүй.

- Гэхдээ нэгэнт эзэмшиж байсан лицензийг  хурааж авсан нь үнэн юм чинь өнгөрсөн хугацааных нь үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтынх нь зардлыг нөхөн төлөх үүргээ хүлээх нь Монголын Засгийн газрын хувьд ёс суртахууны асуудал мөн биз дээ? - Тийм ээ. Манай тал төлөх ёстойгоо л төлнө. Өөр илүүг төлөхгүй.

- Нөхөн төлбөрт өгөх илүү мөнгө манай талд бий гэж үү? - Байлгүй яах вэ дээ. Анхнаасаа хөрөнгө оруулалтынх нь зардлыг нөхөж өгнө гэдгээ манайх мэдэгдсэн. Гэхдээ амных нь зоргоор өгөхгүй. Хянаж, шалгуулна. Юунд хөрөнгө оруулсныг нь тодорхой болгоно. Үнэндээ ингэж хэлэхээр тэд дуугүй болчихдог юм шүү дээ.

- Миний сонссоноор бол хээрийн кэмп байгуулсан? - Тийм ээ, 20-оод гэр барьсан нь үнэн. Тэр чинь тухайн компанийн үйл ажиллагааны л зардал. Бид компанийн хувийн зардлыг төлнө гэж байхгүй.

- Дээж хадгалах агуулах барьсан. Нэмэлт хайгуул хийж, баруунд хүлээн зөвшөөрөгддөггүй орос стандартын дүнг шинээр батлуулсан гээд л хийсэн ажлынх нь жагсаалт нэг их богино биш бололтой юм билээ? - Дээжээ стандартын дагуу хадгалахгүй байсныг нь бид торгоно, лицензийг нь хураана гэж байж битүү агуулах бариулсан. Тэр нэмэлт хайгуулын зардлын тухайд, тухайн хөрөнгө оруулагчийн эрсдлийн зардал болж явдаг. Ийм учраас энэ бас их маргаантай асуудал. Мэдээж нэг хэсгийг нь төлөх л байх. Гэхдээ бүгдийг нь биш. Ямар ч байсан хэлснээр нь биш. Олж болох ашгийнх нь хэмжээнд төлнө гэж бүр байхгүй.

- Тэгвэл Торонтогийн Хөрөн­гийн бирж дээр хувьцаа арилжаалагчийнхаа хувьд хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн ирээдүйн үүрэг хариуцлагаа Монголын төрөөс үнэлж авах эрхтэй биш гэж үү? - "Хан ресурс" Монголд лицензгүй. Монголд лицензтэй байсан компани нь тэр компанийн охин компанийн охин компани л байхгүй юу. Бид хувьцаа эзэмшигчийнх нь өмнө нэг ч үүрэг хүлээгээгүй. Тэд өөрсдөө л үүрэг хүлээсэн байх. Тэгэхээр энэ нь тэдний үүрэг.

- Эндээс Дорнод ордын лицензийг “Дорнод уран” компанийн мэдэлд автоматаар шилжүүлэх боломж нээлттэй гэж үзэж болох уу? - Автоматаар шилжүүлнэ гэсэн үг биш. Гэхдээ энэ компани Дорнод орд дээр ажиллана. Хэн ч “Дорнод уран” компани тэнд ажиллана гэж шууд хэлэхгүй л байгаа болохоос бус Дорнод ордод ажиллах нь үнэн. Бүгд буруудчихаж магадгүй гэж эмээгээд байх шиг байгаа юм. Харин шилжүүлгийн хувьд бол автомат биш шүү.

- Яагаад. Хаана ажиллах нь тодорхой л юм байна шүү дээ? - Өнөөдөр сул байгаа талбайг “Дорнод уран” руу шилжүүлэх үү, үгүй юү  гэдэг нь дараагийн асуудал. Мөн өөр талбай дээр ч хайгуул хийнэ. Түүнээс бус бэлэн талбай дээр шууд ажиллана гэж байхгүй. Оросын эзэмших 49 хувийг Дорнод орд руу шууд хөрвүүлж ойлгож болохгүй. Энэ бол зөвхөн компанийн гэрээ. Орд ашиглах болбол тусдаа гэрээ хийнэ. Бид төлбөр авна.

- Оросын талаас уу? - Тийм ээ, манай салбарын хуульд орд ашиглах гэрээг нэгбүрчлэн байгуулна гэсэн заалт бий. Бид тэр заалтаа хэрэгжүүлнэ, төлбөрийг нь авна. Гэтэл Канадаас булааж аваад Орост шууд өглөө гэсэн мессэж яваад байгаа. Тийм юм ерөөсөө байхгүй. Харин оператор компанийн эрхийг Оросын “Приаргуны”-д өгөхөөр ярилцсан. Нэгд, энэ үйлдвэр Дорнодтой ойрхон. Хоёрт, Монголд өмнө нь ажиллаж байсан туршлагатай. Гуравт, тэд технологитой. Тэд хамгийн хямд өртгөөр ажиллаж чадна. Эдийн засгийн хувьд манайд хамгийн ашигтай хувилбар. Бид энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн.

- Энэ тохиолдолд гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компанийн ирээдүй яаж хувирах вэ. Дахиад л ойлгомжгүй асуулт гарч ирж байна. Анх Дорнод орд дээр ажиллахаар гэрээ байгуулсан Орос, Монгол, Канад гэсэн энэ гурван хувь эзэмшигч гэрээгээ цуцалсан гэсэн үг үү? - "Төв Азийн уран" бол "Дорнод уран"-тай адилхан компани. Хэнд нь лиценз өгөх вэ гэдгийг бид шийднэ. Уг нь Монголын Засгийн газар “Төв Азийн уран”-ы 21 хувийг эзэмшдэг. Гэтэл тэр компани нь шүүхдээд байна.

- Монголын Засгийн газар дотроо шүүхдэлцээд байна л гэж харагдаж байгаа? - Үндсэндээ тийм л болчихоод байгаа байхгүй юу. Оросын талд бид  “Та нар бидэнтэй хамтрах гээд байгаа юм уу. Шүүхдэх гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд “Хамтарна” гэдэг хариулт өгсөн. Тэгвэл яагаад бидний эсрэг шүүхдээд байгаа юм бэ гэж асуухад “Төв Азийн уран” компанийн хувь эзэмшигчийн хувьд “Шүүхдэхгүй шүү” гэж анхааруулсан байсан. Тэгсэн чинь манай талын “МонАтом” компани шүүхдээд байгаа.

- Энэ маш ойлгомжгүй нөхцөл байдал шүү дээ. Миний бодлоор танай Цөмийн энергийн газар “РосАтом”-той нэг талд  гарчихсан. Харин нөгөө талд нь “Хан ресурс” манай төрийн өмчит компани болох “МонАтом”-тай гарч заргалдаад байх шиг байна. Тийм үү? - Ерөнхийдөө бол тийм. Миний бодлоор төрийн байгууллагууд дотроо ингэж зөрчилдмөөргүй байгаа юм. Эцсийн бүлэгт компани шийдвэр гаргадаггүй шүү дээ. Энэ хоёр компанийн алиныг нь ч байгууллаа гэсэн Монголын талын эрх “МонАтом”-д шилжинэ. Гэхдээ өнөөдөртөө тэнд ямар ч лиценз байхгүй. Аль нь Монголын талд ашигтай вэ гэдгийг бид шийднэ. Луйварчидтай нийлэх үү, бодит ажил хийх хамтрагчидтай нийлэх үү гэдгийг сайн бодож, судалж, бодит гаргалгааг хийсний үндсэн дээр шийднэ. Оросын талд 49 хувийг эзэмшүүллээ гэхэд бид мөнгийг нь авна.

- Оператор компанийнх нь зардалд төлбөр шингээх зарчмаар шийдэх үү? - Тийм юм байхгүй. Тэр бол тусдаа асуудал. Мөнгийг нь л шууд авна. Тэр мөнгөөр  дараагийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ.

- Хэр хэмжээний төлбөр байх вэ. Ярилцсан уу? - Мөнгөний хэмжээг ярихын тулд эдийн засгийн үндэслэлийг нь бодитой гаргаж ирэх хэрэгтэй.

- Канадуудын гаргасан тооцоонд үндэслэж болохгүй юу? - Тэдний хийсэн тооцоо нь ерөөсөө л сарын дотор гаргаад ирсэн дүн шүү дээ. Тийм учраас ул суурьтай тооцох хэрэгтэй.

- Мардай ордын лицензийг эзэмшиж байгаа “Адамс майнинг”-тай тэгвэл ямар зарчмаар тохирох вэ? - Бид мөн л 51 хувиа авна. Тусдаа компани байгуулна. Эдийн засгийнхаа хувьд тэд тусдаа олборлолт явуулахад ашиггүй. Нөөц багатай орд шүү дээ. Үүнийхээ оронд нөгөө хоёртойгоо хамтарч ажиллах нь илүү оновчтой байх болов уу. Гурванбулаг ордын тухайд цаад эзэд нь хятадууд. Бид тэдэнтэй Оростой хийсэн загвараар гэрээ байгуулна. Манай тал мөн л 51 хувийг нь эзэмшинэ. Энэ гэрээ маш чухал гэрээ. Бид цаашид бүхий л хамтрагчидтай яг энэ гэрээг загвар болгож, энэ чиг шугамаар ярина. Цөмийн энергийн тухай хуульд төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрын 51 хувийг төр эзэмшинэ гэсэн заалт бий. Энэ хуулийн дагуу л хөрөнгө оруулагчидтай ярих үүд хаалгыг “Дорнод уран” компанийн гэрээ нээж өгсөн гэдгээрээ их чухал ач холбогдолтой л доо.

- Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талд тухайн бүс нутагт лиценз эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх тухай заалт бий. Үүн шиг “Дорнод уран” компани байгуулагдахад тухайн бүс нутгийн лицензийг төвлөрүүлэх бодлогыг Засгийн газар баримтлах уу. Тийм үүрэг хүлээх үү? - Яг тийм тодорхой заалт байхгүй. Лиценз авч, өгөх үүрэг бидэнд байхгүй. Тухайн бүс нутагт лиценз эзэмшигч компаниуд өөр хоорондоо хамтарч ажиллах боломжтой. Эдийн засгийн хувьд ашиггүй байж болох жижиг талбайг ерөнхийд нь нийлүүлэх нь бол зөв. Гэхдээ яаж нийлүүлэх вэ гэдэг чинь асуудал. Сул өгнө гэж байхгүй. Гэрээ хэлэлцээрийн дагуу л өгнө. Түүнээс бус бид булааж өгнө гэж байхгүй. Тэд худалдаж авах  хэрэгтэй болох байх.

- Оросууд зөвхөн Дорнодын сав газрын сонирхож байна уу. Аль эсвэл хүрээгээ тэлэх зорилгоо илэрхийлсэн үү? - Мэдээж тэдний хүсэл бол бүх чиглэлд л ажиллах. Гэхдээ тэдэнд хэн өгөх юм бэ. Оросын нэг онигоо байдаг юм. “Чи нэг шил архи ууж чадах уу гэсэн чинь чадна гэдэг. Хоёр шилийг ууж чадах уу гэхэд чадна. Харин гурван шилийг ууж чадах уу гэхэд “Хэн өгөх юм бэ” гэсэн гэж. Үүн шиг тэдэнд хэн өгөх вэ гэдэг нь өөрөө асуудал шүү дээ.

- "Дорнод уран" компани олборлолт явууллаа гэхэд түүхий эдээ хааш нь гаргах вэ. Зөвхөн Орос руу биш биз дээ? - Хаана түүхий эд хэрэгтэй байна вэ, тийшээ гаргана. Зөвхөн Орос гэсэн ойлголт энд байхгүй. Тэгээд ч бид олборлосон бүх түүхий эдээ хагас боловсруулсан байдлаар гадагшаа байнга гаргаад гэж байхгүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний туйлын зорилго.

- Гэхдээ үүнд гуравдагч түншийн оролцоо  байх уу. Оросууд анхнаасаа Японтой хамтарна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энэ мэдэгдэл нь бодит ажил болж чадах болов уу? - Япон бол манай улсын их ойр дотно түнш. Уран бол Японы үндэсний аюулгүй байдлынх нь баталгаа. Тийм учраас манайх Оросын хүсэлтээр бус, манай хүсэлтээр Орос Японтой хамтрах болсон гэдгийг би энд онцолж хэлмээр байна. Иймд Японыг орж ирэх болов уу гэж бодож байна. Нэг гэм нь япончууд шийдвэр гаргах гэж маш их судалж, цаг алдах юм. Уг нь Оросын тал гэрээн дээр Японтой хамтарна  гэж шууд оруулах гэж байсныг бид нэг улсыг онцолсноос гуравдагч түнш гэж оруулсан нь дээр гэснээр бичсэн байгаа. Гэхдээ Оростой хамгийн түрүүнд ярьж байгаа гуравдагч түнш бол яах аргагүй Япон.

- Япон ч бай, аль ч улс байсан тэд “Дорнод уран” компанитай хамтарлаа гэхэд хувь эзэмшиж таарна. Тэгвэл тэр хувийг аль талынхаас нь өгөх вэ. Энэ хамгийн чухал асуудал учраас ярилцлагын төгсгөлд тодорхой хариулт авмаар байна? - Оросын эзэмших хувиас өгнө. Монголын 51 хувийг ямар ч тохиолдолд хөдөлгөхгүй.

ИНДЕКС 114876 ЗАХИАЛГА АВАХ УТАС: Монгол шуудан: 70078977, 70078914 Улаанбаатар шуудан: 70127027, 55252005 Түгээмэл Шуурхай: 91927584, 70115105 Sky post: 70121294 PR зар сурталчилгааны утас: 98704141

Shuud.mn
Сонин хачин