Цэв цэнхэр тэнгэрийн дор хөх толботны Монгол наадам эхэллээ
2013-07-11

Нээг их манан хүүшилсэн талд гал манаж хоносон  хүү хурдан үрээгээ бахдан бахдан харж  зогсоо. Томчуудын уяа тойрсон ярианаас гоё үг сонсчих санаатай эргэцэж, хул айргаар өдрийн өл хийж хөл нь хөнгөрөн гүйж байгаа.

.

Нээг их цэцэг бүчсэн нугад эрхэм үзэмжит Монгол бүсгүй, харз булгийн уснаас зэс бүслүүрт хувингийн амсар цалгиан юүлээд гэрийн зүг алхаж байгаа. Салхинд хөөрөн сэвэлзэх нимгэн тэрлэгнийхээ хормойг даран ичингүйрч,  нар тосон алсрах зам руу хараа тавьж нэг хараад, гэртээ орж тогоо тавьж байгаа. Гэрийн хойморт өрхийн эзэн, хүү охин нугууд эзгүй, учир нь энэ хот айлынхан бүгд нар битүү наадамдаа мордсон байгаа.

.

Нээг их сүрлэг уулын өвөр бэл дор хангал хүлгийн нуруун дээр суусан шагай шиг бор хүү  Гийнгоо хадааж уяа тойрч байгаа. Аав нь наахна нь тамхиа нэрэн мишээж, наадмын түрүүч ойрхон байна даа гэж баярын өнгө нэмж байгаа.

.

Нээг их гүн холд цэлийх, хөв хөх тэнгэрийн дор, нэг их нам гүмийн цаанаас нар даган биежих, нэгэн их “Ёс төр”  ийн эхэлж байгаа нь “Монгол наадам” бөлгөө.

Бөх, Морь, Харваач гурвынх нь магнайд чандмань татаж буусан хийморийн цагаан сүлдтэй энэ наадмын өнгө, хээ өвөрмөц хийгээд үзэх харах гайхамшиг, баяр бахдал нь өгүүлж тоочвол дуусашгүй их ээ.

Гарааны зурхайд амгай тажигнуулан эргэх хурдан хүлгийн давхиа, барианы газар тэр эрчээрэй ирэхэд, энэ наадам эрэмгий Монголынх гэдэг нь цус руу огшиж мэдрэгдэнэ.

Хөвчрөх эрээн нумаар онилон тавих, цэцэн харвааны сумаар нь энэ наадам эрхий мэргэдийнх гэдэг нь харагдана.

Төрийн далбаагаа нар тойрон дэвэхдээ, тээр цаадах уулсын дээгүүр хараа тавьж, ухаан нэрэх Хангарьд бөхчүүдийн дэвэлтээс энэ наадам хүчтэнийх гэдэг нь харагдана.

.

Эрхэм хүндэт ард иргэдээ, Монгол ахан дүүсээ, энэ цаг дор Та бид Монгол төрийн их хүндэтгэл ёслол, Монгол түмний их наадам цэнгэлдээ хуран цуглаад байна... гэх Ерөнхийлөгчийн үгнээс энэ Наадам тусгаар тогтносон улсын Төрийн их наадам гэдэг нь мэдрэгдэнэ.

Есөн хөлт цагаан тугийн дор хүрээлэх хүлэг баатрууд, Есөн шаргын самсаа, газар сийчих туурайнаас, 800.. жилийн ойн гэх засуулчийн эрэмгий хоолойноос энэ-Чингисийн, Монгол наадам гэдгийг дэлхий мэдэрнэ.

Харин энэ наадмаас бид, Монгол гэдгээ мэдэрнэ.

.

Нээг их том, цэв цэнхэр бөмбөрцөг дээр

Найман зууны эх түүхийг морьдын туурайгаар тамгалсан нутагт

Нээг их сайхан, баяр бахдал, цог хийморийн зохицол дор

Монгол наадам эхэллээ.

Хотол түмэн минь сайхан наадаарай.

.

Shuud.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ард иргэдээ, төр засгийнхаан оросын кирил харь үсгийг хэрэглэхээ болиод шууд монгол бичгээрээ бичмээр байна шүү дээ, бүгд монгол бичгээрээ бичицгээе
2013-07-12
bilet:
Naadmiin boxiin xos bilet zarna. /Stadionii 10-r sekts. boxchuudiin suudag/ 89193399
2013-07-12
Ү зөвшөөрөл 1ш байна.:
Ү зөвшөөрөл 1 ш байна. Үнээр нь зарлаа. Утсаа үдээнэ үү.
2013-07-11