Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Засгийн газар өнөөдрөөс эхлэн 10 хоног амарч байгаа. Тиймээс өнөө өглөө хөдөө явж амрах гэж байтал Сайд нарын II эмнэлгээс МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудаж, амь насанд нь аюул учирч болзошгүй гэсэн утга бүхий албан бичиг ирлээ. Н.Энхбаяр даргын биеийн байдал тасралтгүй муудаж, хоолны дуршилгүй, нойргүйдэлд орж, үүрийн 04 цаг хүртэл унтаж чадахгүй байгаа. Анх хоригдохдоо биеийн жин нь 93 кг байсан бол одоо 66 кг болон буурсан. Даралт нь тогтмол унаж байгаагаас гадна түүний биед эсийн задрал тасралтгүй явагдаж байгаа нь амь насанд нь заналхийлж байна. Эсийн задралыг эмчлэх эмчилгээг манайд өмнө нь хийж байгаагүй. Эмч нар бүхий л нөөц бололцоогоо ашиглаж халуурахад нь халуун бууруулах эм уулгах зэргээр өвчтөнд илэрч байгаа шинж тэмдгийг дарах эмчилгээ хийж байгаа” гэлээ.
Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “Миний хувьд Эрүүл мэндийн сайд гэдгээс гадна МАХН-ыг төлөөлөн төрд ажиллаж байгаа. Тийм болохоор манай намын даргын эрүүл мэндийн асуудал надад ч хамаатай. Тэр ч утгаараа амралттай байх хугацаанд намын даргын маань бие улам дордох вий гэдэг үүднээс ийнхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Харин хэвлэлүүдээр гараад байгаа Н.Энхбаяр даргыг комд орсон эсэхийг хэлмээргүй байна, эмчлүүлэгчийн хувийн нууц, нарийн ширийн мэдээллийг эмчлэгч эмч нар нь хариулна" гэв.
П.Наран