Өнөөдөр, маргааш зарим дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг ажиллахгүй
2013-07-18

  Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл хамтран эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан суурьт эх баримтуудыг цахимжуулах ажлыг 8 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл уг архивыг цахимжуулах ажлын гүйцэтгэл улсын хэмжээнд одоогийн байдлаар 50 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд Ховд, Хэнтий, Өвөрхангай, Завхан, нийслэлийн Сүхбаатар, Багануур, Багахангай дүүргүүдэд цахимжуулах ажил бүрэн дуусаад байна.   Үүнтэй холбогдуулан тус газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг цахимжуулах программ хангамж, шинэ систем суурилуулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн архивч, улсын бүртгэгч нарыг хамруулсан эд хөрөнгийн цахим бүртгэлийн систем, хэрэглэгчийн сургалтыг өнөөдрөөс эхлэн ирэх  сарын 1-ний өдрийг хүртэл зохион явуулах гэж байна. Эхний ээлжийн сургалт  энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд явагдаж эхлэх бөгөөд төсөл хэрэгжиж байгаа нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай, Налайх  дүүргүүд хамрагдах юм. Иймээс эдгээр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийнн эрхийн бүртгэлийн тасаг өнөөдөр, маргааш иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээ түр үзүүлэхгүй. Харин иргэний бүртгэлийн тасаг хэвийн ажиллах юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин