Нүүрсний экспорт буурч, төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрчээ
2013-07-25

Энэ жил манай улс 30 сая тонн нүүрс олборлож, 25 сая тонныг нь экспортлохоор төлөвлөж байсан ч одоогоор дөнгөж 7.4 сая тонныг л Хятад улс руу гаргаад байна. Иймээс манай улс 34.8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрчээ. Энэ нь Европын хямралаас үүдэн дэлхийн нүүрсний томоохон худалдан авагч болох Хятадыг нүүрсний экспортлогч улсууд ихээр сонирхож байгаатай холбоотой аж. Хятад улс жилдээ 3.6 тэрбумын нүүрсний хэрэглээтэй бөгөөд үүнийхээ 10 орчим хувийг гаднаас авдаг байна. Одоогоор тус улс руу Австрали, Индонез, ОХУ, Колумб, Мозенбек зэрэг улс нүүрсээ экспортлож байгаа юм. Иймээс манай улс урд хөрш рүү гаргах нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд нүүрснийхээ өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэйг Уул уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр болсон мэдээллийнхээ үеэр хэллээ.

.

Экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулна

.

Нүүрс овор ихтэй, хямд үнэтэй бүтээгдэхүүн учир манай улс шиг машинаар зөөвөл зардал ихтэй. Жишээ нь Австрали улс усан боомтоор нэг удаад 100 мянган тонн нүүрс тээвэрлэж экспортод гаргадаг. Иймээс цаашид төмөр зам барих зайлшгүй шаардлагатай байгаа аж. Түүнчлэн манай улс нүүрсний экспортын томоохон худалдан авагч урд хөрш рүүгээ гаргах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа-2013” хурлыг зохион байгуулжээ. Хурлаар манай улс Хятадтай нүүрсний худалдаа хамтын ажиллагааны урт хугацааны тогтвортой гэрээ байгуулж, эрх зүйн орчныг нь бий болгохоор болсон байна. Мөн БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг нүүрсний худалдааны гол боомтууддаа орчин үеийн гаалийн рентген тоног төхөөрөмжийг суурьлуулахад зарцуулахаар дээрх хурлын уриалгад тусгасан байна. Үүний зэрэгцээ нүүрсний экспорттой холбоотой гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийх, гаалийн байгууллагыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор ажиллаж байгаа аж.

.

Нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэх байр эзэлжээ

.

Хэдийгээр манай улсын нүүрсний экспорт буурч байгаа ч нүүрсний тогтоогдсон нөөц  21 тэрбумаасаа 10 хувиар нэмэгджээ. Энэ нь зөвхөн энэ оны эхний хагас жилийн мэдээ аж. Иймээс манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний арван байрт багтаж байгааг уул уурхайн яамныхан мэдэгдэж байв. Монгол улс 173.3 тэрбум тоннын геологийн нөөцтэй нь тогтоогдсон тул энэ тоо цаашид урагшлах магадлал өндөр юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд гэхэд энэ оны хоёрдугаар сараас Тавантолгойн Цанхын баруун хэсгийг нээж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.5 сая тонн нүүрс экспортлож байсан бол өдгөө зүүн, баруун хоёр цанх зэрэг ажилласнаар 2016 он гэхэд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай болох юм байна. Хятадын “Чалко” компанийн тухайд 350 сая ам.долларын зээлийн өрөндөө суутгаж, 3.6 сая тонн нүүрс олборлохоор Цанхын зүүн хэсэгт ажиллаж байна. Уул уурхайн яамныхан Чалкогийн өрийг энэ онд барагдуулах боломжтой гэж байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бусад нүүрсний зарим компанийн үйл ажиллагаа нүүрсний экспорттой холбоотойгоор түр зогсчээ. Харин “Энержи ресурс”-ийн тухайд 20 мянган тонн түүхий нүүрс экспортолж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа бол эрчим хүчний баяжуулсан нүүрс нийлүүлж чадаагүй байна. “Саус гоби сэндс” компани сайн болон дунд зэргийн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулжээ.

.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин