130 аж ахуйн нэгж цахилгаан халаагуурт шилжжээ
2011-11-21

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй мөртөө түүхий нүүрс хэрэглэж буй аж ахуйн нэгж/ААН/-үүдэд хийсэн шалгалтын талаар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын байдалд хяналт шалгалт хийх  ажил 10 дугаар сарын 6-наас эхэлсэн агаад 768 иргэн, ААН хамрагдаж, үүнээс 231 нь цахилгаан халаалттай болсон байна.
Хяналтынхан шалгалтын явцад 565 мэдэгдэл болон албан тоот, 283 зөвлөмж, зөрчил арилгуулах улсын байгцаагчийн 27 албан шаардлага хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 1,5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Өнгөрсөн 7 хоногт хотын удирдлагууд энэхүү хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, хяналтыг чангатгах үүрэг өгснөөс хойш хугацаанд 349 объект шалгалтад хамрагдаж, түүнээс 130 нь халаалтынхаа асуудлыг цахилгаанд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Улаанбаатар хотын төвийн бүсэд хийгдэж байгаа 187 барилга угсралтын ажил одоогоор бүрэн зогсож, тухайн объектууд харуул, хамгаалалтаа нэгдүгээр давхартаа оруулж, бүгд цахилгаан халаагуурт шилжин, түүхий нүүрс хэрэглэхгүй байгаа гэдгийг Мэргэжлийн хяналтын удирдлага мэдэгдлээ.
Мөн шуурхай хуралдаанд нийслэл хотод томуу, томуу төст өвчний одоогийн байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туул мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчний байдал 11 дүгээр сарын 07-14-ны өдөр хүртэлх хугацаанд амбулаторийн үзлэгийн 5,9 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 43 хувийг эзэлж байна. Томуу өвчний гаралтыг өмнөх 7 хоногтой харьцуулахад амбулаторийн үзлэг өмнөх 7 хоногийн түвшинд, хүүхдийн түргэн  тусламжийн дуудлага 2 хувь нэмэгдсэн агаад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ өвчний гаралт 2,5 хувиар буурчээ. Энэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, бэлэн байдлыг хангуулах, хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлэх зохицуулалтын арга хэмжээ авч, Уушигний хатгалгаа өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг угтсан үйл ажиллагааны хүрээнд Эх хүүхдийн үндэсний төвийн уушигны нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн нартай хамтран олон удаа уушигны хатгалгаагаар өвдөж хэвтсэн 2800 гаруй хүүхдийг нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулж, мэргэжлийн эмч нарын хяналтанд эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж буй гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга хэллээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батын шуурхай хуралдаанд хийсэн мэдээллээр энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулсан байгууллага, ААН-үүдийн ойр орчмынх нь зам талбай, авто болон явган замын хальтиргаа, гулгааг арилгах их цэвэрлэгээний ажилд төвийн 6 дүүргийн хэмжээнд 2435 байгууллага, ААН хамрагдсан байна. Мөн авто замын гулгааг арилгах үүднээс 192 тн давс, 45 тонн бодис цацжээ. Одоо хотын хэмжээнд 300 м/3 элс, 100 тн бодис, 300 тн давс, 40 тн дайрганы нөөцтэй байна. ОХУ-аас нэмж 200 тн  хайлуулагч бодис ирж байгаа аж. Холбогдох газруудын мэдээллийн дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хотын төв хэсэгт түүхий нүүрс түлж буй ямар ч газрын үйл ажиллагааг таслан зогсоож, энэ талын хяналт шалгалтыг улам эрчимжүүлэх, байгууллага, ААН бүр таггүй траншейгаа таглах, тагыг нь бэхлэх арга хэмжээ авах, ААН, байгууллагуудыг бүрэн дайчилж, орчных нь хальтиргаа гулгааг бүрэн арилгахыг үүрэг болголоо. Мөн хүн ам, өрхийн бүртгэл шинэчлэгдэж байгаатай холбогдуулан энэ ажилд нягт нямбай хандахыг даалгаж, Жаргал гэдэг хүнийг Жаргалан, Бямба гэхийг Бямбаа гэж бичих тохиолдол гарч байгааг анхааруулсан юм.
Shuud.mn
Сонин хачин