Ченжүүд
2013-07-27

  Махны үнэ нэмэгдчихжээ, яав аа, яагаад вэ? Яахав нөгөө ченжүүд нэмээд гэж чих халууцуулна. Энэ мэт бидний амьдралд ченжүүдийн нөлөө оролцоо цаглашгүй их юм аа. Ноолуурын, ногооны, ноосны, төмрийн, алтны, байрны, хүүхний гээд төрөл төрлийн  ченжүүд байна. Бүр цаашилбал эхнэрийн ченж ч гэж бий. Зуучлах нэртэй нутаг нэгтнээ бусдын өвөрт хэдэн төгрөгөөр хийдэг нөхдүүдийг цээрлэн ингэж нэрлэх болсон.   Нэршлийнхээ хувьд бол манайд хэсэг бараа материалыг бөөндөж аваад ашгаа нэмж шинэ үнэ тогтоогоод  буцаагаад зарж байгаа хүмүүсийг ченж гэж дуудаад сурчихсан юм уу даа. Сhange/өөрчлөх, мөнгө солих/ гэх энэ англи үг манайд ченж гэж галиглагдан дуудагдсанаас эхлээд захын хүн мэддэг үг болсон бөгөөд гадаад үг биш болоод удаж байна. Анхны ченжүүд гэж нэрийг зүүн гарч ирсэн залуус бол одоо “Найман шарга” хавиар төвхнөсөн долларын ченжүүд байлаа. 20-иод жилийн өмнө ганзагын наймаа цэцэглэж байх ахуйд “Нарны титэм” үйлчилгээний төв гэдгийн үүдэнд цагдаа нараас нуугдан зогсож доллараас нэг, хоёр төгрөг унагаан зогсдог байсан залуусын цөөнгүй нь одоо ч “Найман шарга” дээр сууж байгаа л харагддаг.Үүнээс залгуулаад ноолуурын ченжүүд гэж ширүүн нөхдүүд гарч ирсэн. Хийдэг бизнесийнхээ онцлогоос хамаарч хэдэн граммын төлөө шороо чулуу холих гээд бохир арга ихтэй байдаг тул “ноолуурынхан шиг новшров” гэх мэтийн үг сонсогддог байлаа. Ер нь тэгээд нөгөө зах зээл манай улсад хомсдол гэсэн үгээр эхэлсэн болохоор үүн дээр суурилсан ченжийн олон төрөл салбар төрөн мэндэлж, цэцэглэн хөгжиж эхэлсэн дээ.     Долларын ченж, ноолуурын ченж хэн хэн нь их хэмжээний бэлэн мөнгөтэй явдаг болохоороо маш эрсдэлтэй хэсэгт ордог байлаа. Долларын ченж орцондоо, ноолуурын ченж хөдөө замд  шунахай дээрэмчдийн гар амиа алдаж нийгмийг цочирдуулж байлаа. Бүгдэд нь хөгжиж хөлжиж ирсэн өөр өөрийн түүх замнал бол бий. Гэхдээ ер нь ченжүүд нийтлэгээрээ боломжийн амьдралтай яваа л харагддаг.Аль ч төрлийн байлаа ялгаагүй, хараад байхад бүгд л хэцүү ажил хийж байгаа харагддаг. Бараг ихэнх ченжүүд эхлээд бараа бөөндөх хураах боломжийн хэмжээний бэлэн мөнгөтэй байх ёстой. Мөн энэ салбартаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар мэдлэг сайтай байх. Жишээ нь ямар нь хулхи ямар нь жинхэнэ, алийг нь ямар цаг хугацаанд хэдий хэрийн авах гээд тухайн зах зээлийн муугүй мэргэжилтнүүд байдаг. Ер нь бол одоо цагт  ченжүүд / Сhange / гэдэг бол бөөндөгчид гэсэн утгандаа ойртож очоод байгаа. Хэн ямар нэг зүйлйиг тогтмол хугацаанд байнга бөөндөж аваад үнэ нэмэн ширхэглэж болон мөн буцааж бөөндөж зараад л байвал тухайн зүйлийнхээ ченж болчихож байгаа юм.   Ченжүүд буюу бөөндөгч нарт магнаг болсон сар улирлууд байна. Цагаан сараар махныхан, ганзагынхан, цагаан идээнийхэн, алтныхан гээд бараг бүгд л бурзайдаг бол, Март, хүүхдийн баяраар бол торт чихрийнхэн, гоо сайхныхан бэнзийгээд аятайхан болоод ирнэ. Харин наадмаар бол хонь, айрагны ченжүүд босоод ирнэ дээ. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн төсөл хэрэгжсэнээр байрны ченжүүд бас бондойгоод байна л гээд шуугиад байна. Одоо намар дөхөөд ирж байгаа болохоор ногооны ченжүүд гар нь загатнаад сууж байгаа. Харин яг одоо бол айрагны ченжүүд бас л хэцүүдүүлж байна.Устай аарцтай доржтой, есөн дээдийн амттай байх боловч, бүгд л Булганы Сайхан, Өвөрхангайн Бүрд,  Дундговийн Эрдэнэдалайн айраг гэх брэнд нэр чимэгтэй. Амсаад үз, дөнгөж сая ирсэн гээд л хөлсөө арчисан пад хар гартай нөхөр долоон шидийн саванд савлан зарж байгаа нь  энд тэндгүй л байна. Баялгийг бүтээдэггүй, хатуухан хэлэхэд хөдөлмөр хөлс хүчээ шингээж мөнгө олдоггүй, бэлэн мөнгөнөөс ашиг гаргаж үнэ нэмэх байдлаар хэтэвчээ зузаалдаг болохоор ихэнх ченжүүд нэр муутай.   Зунжингаа талбай дээрээ хөдөлмөрлөсөн ногоочин намар нь 400 мянган төгрөгийн ашиг олсон байхад ногооны ченж нь өдөрт дор хаяад 30-40 мянгийг унагааж сардаа л нэг саяас доошгүй унацтай байх жишээтэй байна. Төмс,  хүнсний  ногооноос  олох  орлогын  гуравны  нэг  нь  тариаланчдад,  хоёр  нь  ченжүүдэд  оногдсоор  байгаа гэнэ. Хуруу  хумсаа  хугалах  шахам  хөдөлмөрлөсөн  ногоочид  ашгийн  багыг  нь  хүртэж  бахь  байдгаараа  үлдэж  байхад  ченжүүд  баяжсаар  байна гэж байна. Ийм байхад хөдөлмөр хийж зүтгэж яваа нөхдүүд уурлах нь аргагүй. Тогмол орлогогүй ч  цаг үе, улирлын шинжтэй гарч ирдэг айхтар мэдрэмжтэй бас хорчин гэж болох ченжүүд байна. Тухайлбал тасалбарын ченжүүдийг энд онцлон тэмдэглэж болно. Гайгүй шиг тоглолт арга хэмжээний үеэр тасалбарыг бөөндөн авч хомсдол үүсгэн, өөр үзэх юмгүй яваа хос хоёрт нам нугалж зарж чадаж байгаа юм. Саяны наадмаар гэхэд 25.000 төгрөгийн тасалбарыг 50.000-100.000-д хүргэсэн айхтар ченжүүд гараад ирсэн талаар манай сайт мэдээлж байсан.Энэ бол ёстой баймгүй ченжүүд шүү. Ерөнхийдөө ченж гэдэг хүмүүст амьдрах боломж буюу хомсдол, орон зай нь байгаа болоод л ийн хөгжсөөр, бэлжсээр байгаа.   Бас тэд ч амьдрахын эрхэнд өөр мөнгө олох ажлын байргүйн эрхэнд халуунд харж хүйтэнд хөрж, зовж зүдэрч мөнгө олж байгааг хэлэх ёстой. Махны, ногооны зэрэг хүнсний төрлийн ченжүүд бол хөөрхий шөнө 3 цагаас эхлээд л өглөө 7 цаг гэхэд ажил нь жигдэрчихсэн байдаг юм билээ, амар хоол биш. Нэг давуу тал нь энд бэлэн мөнгө жоохон сүлжээ байвал боловсрол дипломтой өндөр, нам байхыг шаарддаггүй болохоор хэн ч энэ бизнест “алалцан” орж болно.Том ченжүүд бол бас хэцүү шинийгээ тийм амар оруулахгүй нөлөөлнө гэж байгаа. Ченжүүдийг тойрсон асуудал, сайн муу зураглал их л байна. Ер нь бол цаашдын хөгжилд маань хэрэгтэй юу гэвэл үгүй байх. Ихэнхдээ эрэлт нийлүүлэлтийн зөрүү, аливаа бараа таваарын хомсдол дээр “ажиллаж” үнэ хөөрөгдөх маягаар ашиг олж байдаг энэ бөөндөгч ченжүүдээс бид аль болохоор хурдан салах ёстой.Энийг иргэд хийхгүй төр л хийнэ. Эдийн засаг эрүүлжиж, мөнгөний бодлого зөв байж, эрэлт нийлүүлэлт зохих түвшиндээ явах цагт өөр болох биз.   Харин одоо яахав ингээд л энэ хэдэн ченжээ магтаж нэг үзээд л зүхэж нэг үзээд л мөнгөө өгөөд, юм аа аваад л амьдраад байж дээ. Сhange гэдэг үг  манайд бол өөрчлөх ,солих биш баяжигч гэсэн шахуу утгатай болж дээ. Харин худалдан авагчид бид бол бэлэн мөнгөгүйчүүд, завгүйчүүд, залхуучууд, үйлдвэр байгууллагын албан хаагч хомсдогчид  гээд бас дотроо хуваагдах байх оо. Сүүлийн жилүүдэд ажилгүй нөхөр тэжээж амьдралаа авч явдаг эмэгтэй ченжүүдийн энэ салбарт эзлэх хувь эрс нэмэгдэж байгаа гэсэн албан бус судалгаа ч байгаа гэсэн.Залуус ч бас зөндөө л бий. Би ченж гэвэл, аан боломжийн амьдралтай татаад авчихмаар нөхөр байна гээд ойлгочиход нэг их зөрөхгүй, Хүүхнүүд ээ   П.Баярхүү /тоймч/
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Махны унэ арай хямд байна. 20000 хурвэл монгол орон эзэнтэй болмуй
2013-07-27
МЭДНЭ.:
Махны хамгийн том ченж бол Н.Алтанхуяг,Х.Баттулга гэнэ билээ.
2013-07-27
chenj bairnii !!!:
bairnii chenj nariig boluilaad uguuchee olon bairnaas tatvar avaachee
2013-07-27
qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-07-27
Зочин:
Манайд ЕС нь хамгийн том махны ченж болсон гэсэн шүү.
2013-07-27
Асуулт:
Махны хамгийн том ченж хэн бэ мэдэх үү
2013-07-27