Шүгэл үлээгчид гэж хэн бэ
2013-08-13

Аливаа уралдаан тэмцээний үед шүүгчийн зүгээс шүгэл үлээх явдал цөөнгүй. Энэ нь тухайн тэмцээний дүрэм зөрчигдлөө, бохир тоглолт хийлээ гэдгийг тамирчид болон үзэгчдэд мэдэгдэж буй хэрэг.

1970-аад оны эхэн үед Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ralf Nader энэ "шүгэл үлээгч" гэдэг үгийн утгыг "нууц мэдээлэгч", "матаач", "хов жив зөөгч" гэсэн үгийн утгаас ялгаатай гэсэн санаагаар анх  хэрэглэжээ.

Өнөө цагт "Шүгэл үлээгч" гэдэгт аль нэг байгууллагын дотоодод бугшсан зүй бус үйлдэл, сэжиг бүхий луйвар, хууль бус үйлдлийг эсэргүүцэгч хүнийг ойлгодог болжээ. Нууцлагдмал зүй бус үйлдэл гэдэгт тухайн байгууллагын хууль, дүрэм зөрчсөн,  олон нийтийн эрх ашигт шууд харшилсан үйлдлүүд, хулгай, луйвар, эрүүл ахуйн  шаардлагыг зөрчиx, хээл хахууль, авилгал гэх мэт орно.

Шүгэл үлээгчид нь байгууллагынхаа дотоодод болж байгаа зүй бус үйлдлээс гадна улс орны хэмжээнд, дэлхий нийтийн түвшинд болж байгаа зүй бус үйлдлийн тухай олон түмэнд мэдэгдэх явдал ч бас буй.

Ийм шүгэл үлээгчдийг тухайн улс орон эсвэл тухайн байгууллага нь  "эх орноосоо урвагч", "дайсны талд туслагч",  "нэр алдар олохыг хүсэгч", "хувийн өс хонзонгоо авахын тулд байгууллагаа хохироогч" гэх мэтээр харааж, хаяг зүүх нь цөөнгүй.

Ийм нэр хаяг зүүгээд байгаа өнөө цагийн баатар гурван хүний тухай эхлээд товч өгүүлье.

 6

Edward Joseph Snowden (Эдвард Жозеф Сноуден)

 6

Тэрбээр одоо 30 настай. АНУ-ын тусгай албанд (Тагнуулын ерөнхий газар) мэдээллийн технологийн техникчийн ажил хийж байсан. Энд ажиллаж байхдаа АНУ-ын засаг захиргааны зүгээс олон түмнийг тагнах, мэдээллийг нэгтгэн цуглуулж тусгай мэдээллийн санд хадгалах, чагнах нууц төлөвлөгөөг илчилсэн. Эрх баригчид зөвхөн өөрийн ард иргэдийг тагнаж чагнаад зогсоогүй, холбоотнууд болох Европын холбооны улсууд, Хятад, Оросыг тагнан турших програм хэрэгжүүлж эхэлснийг мэдэгдсэн.

Ийнхүү нууц мэдээллийг илчилсэн нь түүнийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, урван тэрслэгч, гэмт хэрэгтэн хэмээн зарлахад хүргэсэн юм. Харин тэрбээр өөрийн энэ үйлдлээ тайлбарлахдаа "Эрх баригчдын зүгээс олон түмний нэрийг барьж хийж байгаа нууц төлөвлөгөө нь ард иргэдийнхээ эсрэг болж байгааг олон нийтэд мэдэгдэхийг хүссэн" гэжээ. Мөн Гардиан сонины 2013 оны 6-р сарын 9-ний дугаарт өгсөн ярилцлагадаа "Ард иргэдээ тагнадаг улсад би амьдрахыг хүсээгүй. Миний хийж, хэлж байгаа бүхэн нууцаар бичигдэж, сонсогдож байдаг тийм ертөнцөд би амьдрахыг хүсээгүй. Манай засгийн газрын зүгээс хийж буй энэ зүй бус үйлдэл нь АНУ-ын Үндсэн хуулийн 4, 5 дугаар нэмэлт, НҮБ-ын Хүний эрхийн тунхагийн 12 дугаар зүйлийг зөрчиж бүх нийтийг хамарсан тагнан турших үйл ажиллагаа явуулж байгааг л мэдэгдэхийг хүссэн" гэжээ.

Сноудений энэ үйлдлийг АНУ-ын засаг захиргаа, Конгрессийн гишүүдийн нэлээд хэсэг гэмт үйлдэл хэмээн үзэж даруй баривчилан ирүүлж шийтгэл хүлээлгэх хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байв.  Тэрбээр Хонконгд байх хугацаандаа Гардиан (Guardian) сонинд эхний ярилцлагуудаа өгөөд АНУ-ын эрх баригчдын Хонконгд үзүүлэх шаардлага дарамт их байсан учир Москва ниссэн юм.  ОXУ түүнд одоогоор түр хугацааны улс төрийн орогнол олгоод байна.

 6

Bradley Manning ( Брадлеи Маннинг)

 6

Америкийн зэвсэгт хүчний ахлах байлдагч Брадлеи Маннинг одоо 26 настай. Иракт, Багдад хотын ойролцоох дивизэд алба хааж байжээ. Тэрбээр Засгийн газар болоод Батлан хамгаалахын хооронд явагддаг холбооны шугамд ажилладаг байж. Нууц мэдээллүүдийг дамжуулах болон хүлээн авах үүрэгтэй байв. Энд ажиллаж байхдаа нууц видео бичлэгүүд, гадаад орны дипломатуудтай Америкийн дипломатууд утсаар ярьсан яриа, Ирак болон Афганы дайны ажиллагаатай холбоотой нийт 750000 материалыг WikiLeaks сайт руу дамжуулжээ. Эдгээр материал дотор 2007 оны 7 дугаар сарын 12-нд Америкийн цэргийн нисэхийнхний агаараaс хийсэн довтолгоо байсан бөгөөд 2010 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Энэ видео бичлэгт ажлаа хийж яваа сэтгүүлчдийн багийг болон тэдний шархдсан заримд нь туслахаар ирсэн энгийн хүмүүс, хоёр хүүхдийг нисдэг тэрэгнээс гал нээн хайр найргүй хядаж байгаа дүрс байдаг. Ийнхүү Маннинг 2010 оны 5 сарын 27-нд  баривчлагджээ.

"Бид өөрсдийн зорилгыг умартан хүмүүсийг баривчлах, алан хядах "дон туссан" мэт байлаа. Америкийн олон нийт үүнийг харах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд бидний өдөр тутам цэрэг дайны ажиллагаа явуулж буй тэдгээр улс орнуудад хийж байгаа терроризмын эсрэг дайн гэх гадаад бодлогоо эргэн харахыг эрх баригчдаас жирийн иргэд шаардах ёстой гэж бодсон" хэмээн тэрбээр хэлж байв.  Түүнд шүүхээс олон зүйл ангиар 90 жил хорих ял оногдуулаад байгаа бөгөөд Маннингийн энэхүү тэмцэл нь цэрэг зэвсгийн хүчээр дэлхий дахинд ноёрхолоо тогтоох гэсэн АНУ-ын гадаад бодлогыг төлөвлөгчид болон эзлэгдсэн орныхоо нутаг дэвсгэрт дур зоргоороо авирлагч цэргийнхэнд том цохилт болсон юм.

  6

Julian Assange (Жулиан Ассанже)

 6

Aвстралийн хэвлэн нийтлэгч, сэтгүүлч, редактор. Одоо 42 настай. Тэрбээр WikiLeaks сайтыг үндэслэгч бөгөөд эрх баригчдын олон нийтээс нууцалсан мэдээлэл,  нэрээ үл мэдэгдэхийг хүссэн албаны эх сурвалжуудаас авсан мэдээ, шүгэл үлээгчдийн илгээсэн мэдээллийг нийтэлдэг сайт юм. Ассанже өсвөр насны хүүхэд байхдаа компютерийн програмч-хакер байсан аж. WikiLeaks-ийг байгуулсанаасаа хойш хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, эрх баригчдын зүгээс тэднийг хянах, цагдахын эсрэг идэвхтэй тэмцэгч болжээ. Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйд ажилладаг сэтгүүлчид түүнтэй идэвхтэй хамтран ажилладаг байв. WikiLeaks сайт нь 2010 онд АНУ-ын цэргийнхний болон дипломат албаныхны нууц материалуудыг олон нийтэд дэлгэн тавьснаараа дэлхий нийтэд танил болсон юм. Чухам тэр үед л Брадлеи Маннингийг "дайсанд тусласан" хэргээр баривчилж Ассанже-ийг ч мөн баривчлахаар шаргуу хөөцөлдөж эхэлсэн.  Тэрбээр Их Британид орогнол хүссэн боловч АНУ-ын шаардлагаар Америк руу ачигдахын даваан дээр Эквадор улсаас  улс төрийн орогнол хүсч, элчин сайдын яаманд нь өнөөг хүртэл байрлаж байгаа билээ. Хэрэв АНУ түүнийг авах юм бол асар хүнд ял оногдохоор байгаа юм. Учир нь түүний нийтэд ил болгосон материалуудад АНУ-ын улс төрийн болон цэрэг, тагнуулын байгууллагын бүх түвшний хээл хахууль, улс төрийн наймаа гэх мэт будилаантай бүх зүйл дэлхийн олон нийтэд ил болсон билээ.  Түүний эх орон Австралийн парламент хуралдаанаараа түүний тухай авч хэлэлцэн түүний нууц материалуудыг нийтэлсэн явдал нь  хууль бус хэмээн тогтоол гаргаж, паспортыг нь хүчингүй  болгосон билээ.  Тэрбээр энэ бүхнийг үл хайхран Лондон дахь Эквадoрын элчин сайдын яамнаас үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.

 6

Хэрхэн шүгэл үлээх вэ?

 6

Монголд зарим улстөрчид, сэтгүүлчид хэрхэн шүгэл үлээдэг билээ. Та бид мэдэж байгаа. Саарал ордны гаднаас үлээдэг. Зарим нэг нь саарал ордонд ордог. Тэгээд л таг болдог. Гадна шүгэл үлээж явснаа мартдаг. Улс төр хөөсөн зарим нэг нь эрх мэдлийн төлөөх ордны хуйвалдаанд нам дарагдаж, зарим сэтгүүлчид нь "ордны шивэгчин" маягийн ажил хийж эхэлдэг. Улс орон өр ширэнд баригдаж, уул уурхайн ашиг тусыг үзэх  нь өнгөрч байгаа энэ үед шүгэл үлээх шаардлага байна. Гэхдээ улс төр, эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргаж буй саарал ордон дотроос үлээх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, хүүхэд хөгшдийн аж амьдрал, хүнсний болон эрүүл мэндийн асуудал, хүний хулгай, монгол телевизийн гадаад мэдээ, хувийн хэвшилийнхний ажилчидтайгаа харьцаж буй байдал, хог хаягдал хот орчимд, байгалд үзүүлж буй хортой үр дагавар, шударга бус байдал гээд олон асуудлаар ордон дотроос болон байгууллага олон нийтийн гүнээс шүгэл үлээх шаардлага байнга гарсаар байна.  Шүгэл үлээнэ гэдэг бол ариун үйлс болох нь дээрх гурван хүний амьдрал тэмцлээс харагдаж буй. Шүгэл үлээнэ гэдэг нь зогсонги байдал, ялзрал доройтол, ордон доторхи хуйвалдааныг илчилнэ гэсэн үг. Хууль зөрчигдөж, хулгай газар авч байгааг хэлнэ, түүнтэй тэмцэнэ гэсэн үг.  Тэгвэл хэрхэн яаж шүгэл үлээх вэ?

6

-Юуны өмнө ямар асуудлаар хэзээ, хаана шүгэл үлээх гэж байгаагаа дээд байгуулагадаа мэдэгдэнэ.

-Дээд байгууллага, дарга сайдын зүгээс үүнийг дарах, эсэргүүцэх, авилгадах оролдлого гаргавал хууль сахиулах байгууллагад хандана.

-Хууль сахиулах байгууллага хуйвалдалдаанд оролцвол хэвлэл мэдээллийн байгууллагад хандана.

-Хэрэв тэд мөн хуйвалдааныг халхавчлах, нуух оролдлого гаргаваас олон нийтийн сүлжээнд болон интернэт мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд мэдэгдэж эхэлнэ.

6

Xамгийн гол нь та бол зүгээр нэг гомдол гаргагч биш. Та бол шударга бус байдлын эсрэг гэрч гэдгээ сайтар ойлгох ёстой. Тийм учраас таны дэвшүүлж байгаа асуудал нэг бүрчлэн баримт нотолгоогоор батлагдсан байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Дээр дурьдсан гурван шүгэл үлээгч бол дэлхий нийтэд тухайн үйл явцыг баримттайгаар харуулсан байгаа. Xөдөлшгүй баримтуудаар батлагдсан зүйлийн тухай шүгэл үлээж байгаа тул танд хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийнхэн хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах ёстой гэдгийг мартаж болохгүй. Таныг ажлаaс тaнь халах, айлган сүрдүүлэх, авилгадах гэсэн оролдлого нь тэдгээр буруутай этгээдүүдийг улам л хүнд байдалд оруулна гэдгийг хэлж сануулж байх хэрэгтэй.

6

Зарим улс оронд, жишээ нь Их Британи, Германд шүгэл үлээгчдийг хамгаалах хуультай байдаг боловч их гүрнүүдийн эрх ашиг дээр тулаад ирэхээр тэр нь мартагддаг болохыг дээрх жишээ бэлхнээ харуулж байгаа билээ. Манайд ч ийм хуулийг гаргах шаардлагатай гэж бодож байна. Хөдөлмөрийн хуулиндаа оруулбал бүр сайн. Шүгэл үлээнэ гэдэг нь зүгээр нэг гудамжинд шүгэлдээд зогсохтой адилгүй бөгөөд та ажил алба, орон гэр, тэр байтугай гэр бүл, улс орноосоо зугтах дүрвэхэд хүрч болзошгүй тул сэтгэл санааны хувьд өөрийгөө бэлэн байлгах шаардлагатай.

 6

З.Эрдэнэбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
харин үүнийг чинь Монголд хонгио үлээх гэдэг юм
2013-08-13