Тайландын парламентын төлөөлөгчидтэй уулзав
2013-08-20

Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад айлчилж байгаа Тайландын Вант Улсын Үндэсний Ассамблей дэх Тайланд-Монголын найрамдлын бүлгийн дарга Сомбуун Утайвианкул тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр xүлээн авч уулзлаа.

6

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиож буйг онцлоод Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хоёр орны ард түмэн хүнд бэрх үед харилцан тусалж, харилцан ойлголцож, найрсгаар хамтран ажиллаж ирсэн нь харилцааны гол үнэ цэнэ болж байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын хувьд Тайланд Улс нь Зүүн өмнөд Ази дахь гол түнш орны нэг болохыг  онцлохын зэрэгцээ Монгол Улс бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад оролцоогоо нэмэгдүүлж, идэвхитэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг бөгөөд энэ чиглэлээр Тайланд Улстай харилцан дэмжиж, хамтран ажиллахын төлөө байдгийг тэмдэглэн хэлэв.

6

Ноён Сомбуун Утайвианкул Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-ын дарга З.Энхболд, мөн уулзалтад байлцсан УИХ-ын дэд дарга Л.Цог, Төрийн байгуулалтын байнгын хороны дарга А.Бакей нарыг өөрийн улсад айлчлахыг урилаа. Тэрбээр хэлэхдээ “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга манай оронд айлчлах нь нэн чухал байна. Учир нь төрийн байгуулалтын талаар харилцан санал солилцож, туршлагаа хуваалцах зүйл бидэнд их байгаа” гэдгийг онцоллоо.

5

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ ноён Сомбуун Утайвианкул тэргүүтэй төлөөлөгчдийн энэхүү айлчлал нь Монгол, Тайландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин