Алтан гахай жилийн 54641 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно
2013-08-21

Арваадхан хоногийн дараа 2013-2014 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар өгсөн юм.

.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо 10836-аар нэмэгдэнэ

2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд суралцана. Үүнээс цэцэрлэгт 156648, хувилбарт сургалтад 31924 хүүхэд тус тус суралцана.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нийт хүүхдийн 160201 төрийн өмчийн цэцэрлэгт, 25438 нь хувийн өмчийн цэцэрлэгт суралцах аж.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт өнгөрсөн онд 77.6 хувьтай байсан бол энэ хичээлийн жилийн эхний байдлаар 78.6 хувьд хүрнэ. Цэцэрлэгийн хамран сургалт өнгөрсөн хичээлийн жилд 64.0 хувьтай бол энэ хичээлийн жилд 66.0 хувьд хүрнэ.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 10836 хүүхдээр нэмэгдэнэ. Төрийн болон хувийн өмчийн 1017 цэцэрлэгт нийт 160201 хүүхэд суралцана.

.

Нэгдүгээр ангид элсэн орох сурагчийн тоо 8110-аар нэмэгджээ

Ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцана. Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8110 хүүхдээр нэмэгдэнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн нэдүгээр ангид өнгөрсөн онд 48092 хүүхэд элсэн суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 54641 сурагч шинээр элсэн суралцана. 1 дүгээр ангийн элсэлт 99.6 хувь буюу хүүхэд бүрийг 1 дүгээр ангид элсүүлэн сургана.

Нэгдүгээр ангид элсэн орж буй суралцагчдын тоо өмнөх жилүүдийн дундажаас их байгаа нь алтан гахай жилтэнүүд буюу 2007 онд төрсөн хүүхдүүд сурагч болсонтой холбоотой гэнэ. Тиймээс анги дүүргэлтийн хувьд 5 хүртэлх хүүхдээр нэмэгдэх тооцоо байгаа аж.

.

Сургалтын төлбөр 13.0-16,7 хувиар нэмэгджээ

Төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцана. Их, дээд сургуулийн баклаврын сургалтын төлбөр дунджаар 13.0-16,7 хувиар нэмэгдсэн. Тухайлбал, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг сургуулиуд 13.0 хувиар МУИС 16.7 хувиар тус тус нэмэгдсэн гэдэг мэдээлэл өглөө.

.

П.Наран
Shuud.mn
Сонин хачин