Шатсан эд зүйлийг нь таниулах арга хэмжээг авч байна
2013-08-26

  Нарантуул Олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах өнгөрсөн баасан гарагийн 06.20 цагт бүхлээрээ шатаж, 300 гаруй түрээслэгч иргэд эд хөрөнгө, бараа материалаараа хохироод байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган Нарантуул худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа.   Шатсан худалдааны төв рүү цагдаагийн алба хаагчдын хамгаалалтын дор түрээслэгчдийг хэсэгчлэн шинжилгээний төвийн ажилтнууд, мөрдөн байцаагчдын хамт оруулж, шатсан эд зүйлийг нь таниулах арга хэмжээг авч байна. Шатсан худалдааны төвд ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд одоогийн байдлаар 40 мянган ам.доллар \шатсан байдалтайгаар\, зургаа орчим сая төгрөг бэлнээр нэгдүгээр давхарын нурангиас мөн хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, аврах, гал унтраах 10, 14, 18, 63, 34 зэрэг зургаан анги, Нийслэлийн аврах ангийн нийт 320 алба хаагчид 72 цагийн турш амралтгүй ажилласан байна.   Бямба гарагийн 18 цагийн орчимд онцгой байдлын алба хаагчид хэргийн газар ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын байцаагчдын гаргасан дүгнэлтээр салхи бороонд нурж, иргэдийн амь насанд хохирол учруулж болзошгүй болсон дээврийн краказ төмрийг тасдаж, өргөгч кранаар зайлуулснаар орчны байдлын аюулгүй байдлыг хангаж чадсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргийн мэргэжлийн хяналтын нийт 45 алба хаагчид Нарантуул худалдааны төв дээр 72 цагийн турш ажиллаж, шатсан барилгын бүтэц, багана, дам нурууны хучилт, шал, дотор хана, цонх хаалганы чанар байдалд үзлэг, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авахуулж ажилласан байна. Шатсан худалдааны төв нь 1999 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд барилга байгууламжийн комиссын шийдвэргүйгээр ашиглагдаж байсан, өөрөөр хэлбэл ямар ч зөвшөөргүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан байгууламж байжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин