Газрын маргаанаас болж түрээслэгчид хохирч байна гэв
2013-08-29

Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр  байрлах “Орхон”  худалдааны төвийн газартай холбоотой маргаан болон түрээсийн асуудлаар худалдааны төвийн удирдлага, түрээслэгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

6

Энэхүү төвийн газартай холбоотой маргаан нь 2004 оноос эхлэн өдийг хүртэл үргэлжилж байгаа аж. “Анх 2000 онд тухайн үеийн “Монголын холхивч нум сумын спортын холбоо”-ны дарга Д.Агваан БГД-ийн VI хорооны нутагт орших өөрийн холбооны эзэмшлийн газартаа барилга барих хөрөнгө байхгүй учир хөрөнгө оруулж, барилга бариад, газрын үнийг тус холбоонд эргүүлэн төлж, конторын зориулалттай талбай гаргаж өгөхийг “Бат сервис” ХХК болон “Орхон” худалдааны төвийн захирал Б.Батжаргалд тавьсан байна. Ингэснээр хоёр тал зөвшилцөж, тохиролцсоны дагуу ажиллаж байтал Д.Агваан нь барилгад 100 хувь хөрөнгө оруулсан өмчлөгч гэж Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хууль бус аргаар гаргуулан авсан байснаар дээрх маргаан эхэлсэн. Д.Агваан нь одоо манай компанийг хууль бус өмчлөгч гэж гүтгэн, олон нийтэд сөрөг мэдээлэл хүргэж байна” гэж тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал Г.Бямбасүрэн хэлж байв.

6

Энэхүү маргаан үргэлжилж байх хугацаанд 2009 оны 10 сар, 2012 оны 12 сард хоёр удаа “Бат сервис” ХХК-ийг хууль бус үйлдэл хийгээгүй гэдгийг нь тогтоож, газрын маргааныг эцэслэн шийдсэн шүүхийн тогтоол гарсан байна. Гэтэл Д.Агваан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, “Орхон” худалдааны төвийн хэсэг түрээслэгчдийг нэгтгэн тэдний эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэдгийг ч мөн хэвлэлийн хурлынхаа үеэр тэд мэдэгдсэн.

6

Тус худалдааны төвийн түрээслэгч Б.Мөнгөнцэцэг “Тус худалдааны төвд нийт 72 түрээслэгч байдаг. Тэдний 20 орчим хүн Д.Агвааны үгэнд автаж Түрээслэгчдийн холбоо байгуулан худалдааны төвийнхөө захиргааны эсрэг үйл ажиллагаанд оролцож байна. Тухайлбал, их засварын ажил эхэлсэн бөгөөд тэд талбайгаа чөлөөлөхгүй байгаагаас удааширч байгаа юм. Мөн тэдний хэлж буй шиг түрээсийн үнийг нэмсэн зүйл огт байхгүй. 2004-2009 он хүртэл нэг ам метр нь 16 мянга, 2011-2013 оныг хүртэл 40 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Ер нь нийт 80 хувь нь түрээсийн үнийг 69 мянга болгохыг хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагаа эртхэн явуулж эхлэх хэрэгтэй байна” гэлээ.

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин